ДУНДГОВЬ: “Дэлхийн гайхамшиг-Монголын 33 их говь" төслийн баг Өлзийт сумаас аяллаа эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. “Дэлхийн гайхамшиг-Монголын гучин гурван их говь"
төслийн баг Дундговь аймгийн Өлзийт сумын Загийн усны хоолойн говиос аяллаа эхэллээ.
Энэхүү төсөл монгол орны говь нутгийг гадаадын улс
орнуудад сурталчлах, говийн малчдын өвөрмөц амьдрал, соёл, зан заншил, мэргэдийн
цэцэлсэн шастир, сэтгэлгээний чадвар, нөхөрсөг харилцааг тодотгох, мухар сүсэг,
сэжиг таамгыг эртний танин мэдэхүйн нууцлаг чанаруудаас ялгаж, говийн иргэдийн
үнэт зүйлийг сурталчлан таниулах зорилготой.
Төслийн багийн хувьд 8 удаагийн аялал хийх ба “Монголын
гучин гурван их говь” хэмээн алдаршсан говь нутаг, түүний онцлог, тэмээний
гайхамшиг, ахуйг харуулсан 7 боть ном, баримтат цуврал кино бүтээх юм.
Монголын 33 их говь Говь-Алтай, Өмнөговь, Дорноговь, Баянхонгор, Өвөрхангай, Ховд, Сүхбаатар,
Дундговь аймгийн 46 сумын нутаг дэвсгэрт байгаагаас Дундговь аймгийн Өлзийт сумын
нутагт Загийн усны хоолойн говь, Гашууны говь, Хулд сумын нутагт Төгрөгийн говь байдаг.
Дундговь аймгийн Өлзийт сум тэмээний тоогоороо аймагтаа тэргүүлдэг, 2024 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 18,1 мянган тэмээ тоолуулсан бөгөөд Монголын 33 их говийн 2 нь тус сумын нутаг дэвсгэрт харьяалагдаж байна.