Г.Сарангэрэл: Угсаатны зүйлд хамаарах эд зүйлсээр музейн үзмэрээ баяжуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2025 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Дорноговь
аймгийн Музей, сургалт судалгааны төвийн сан хөмрөгчид иргэдийн гар дээр байсан
зарим эд өлгийн зүйлсээр музейн үзмэрээ баяжуулж байна. Энэ талаар Музей,
сургалт судалгааны төвийн музейн сан хөмрөгийн эрхлэгч Г.Сарангэрэлээс
тодрууллаа.
-Музейн сан хөмрөгөө ямар эд зүйлсээр баяжуулж
байна вэ?
-Манай байгууллага 2025 оныхоо шинэ үзмэр баяжуулах ажлыг хийж байна. Дорноговь аймгийн Даланжаргалан суманд аж төрж байсан ахмад настан Н.Мөнхдоржийн гэрт байсан эд өлгийн зүйлсийг холбогдох дүрэм журмын дагуу авчирч ангилан ялгаж музейн сан хөмрөгөө баяжуулж байна.
Тухайлбал, угсаатны зүйлд хамаарах эд
зүйлс болох гуулин шанага, данх, домбо, зэс тогоо савхан хувин, цайран аяга,
монгол таван ханатай гэр, бурхны зарим судар байгаа юм. Багцаагаар 200 гаруй эд зүйлс бий.
-Музейн
үзмэр баяжуулах ажлыг жил бүр хийдэг үү?
-Тийм ээ. Тухай иргэн өөрийн эд өлгийн зүйлсээ хадгалах хамгаалах, өвлөн уламжлах боломжгүй болсон үед музейд үзмэр болгон шилжүүлэх тохиолдол бий. Мөн музейн ажилтнууд ч иргэдийн гар дээр байгаа ховор эд зүйлсийг цуглуулж, археологийн судалгаа, шинжилгээний үед олдсон эд зүйлсээр музейн үзмэрээ баяжуулдаг.
-Энэ жилийн хувьд музейн сан хөмрөгийг баяжуулах ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-Ирэх зун Археологийн хүрээлэнтэй хамтран аймгийнхаа аль нэг суманд археологийн малтмалын ажлыг хийхээр төлөвлөсөн.
Ташрамд, Дорноговийн музейд 5600 гаруй үзмэр байна. Музейд хүннүгийн үед холбогдох археологийн ховор үзмэрүүд буйгаараа бусад аймгийн түүхийн музейгээс онцлогтой төдийгүй байгалийн хэсэгт эртний аварга сүүн тэжээлтэн, загас, яст мэлхий, үлэг гүрвэл зэрэг сээр нуруутан амьтдын тухай үзмэрүүд байдаг.