Таван шар-Офицеруудын ордон чиглэлийн автобусаар хамгийн олон хүн үйлчлүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-01-23 12:01:46

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Нийтийн тээврийн цахим төлбөрийн систем хэрэгжүүлэгч “Улаанбаатар смарт карт”-аас жил бүр гаргадаг статистик мэдээллийг шинэчилжээ.


2024 онд нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн тоо 142.7 саяд хүрсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос 2.3 саяар ахиу үзүүлэлт аж. Иргэдийн нийтийн тээврээр үйлчлүүлсэн тоо ийнхүү өссөн ч төлбөр төлөх нь 3.9 хувиар буурсан байна. Тодруулбал, хөнгөлөлттэй буюу төлбөргүй зорчигчийн тоо 11.6 хувиар өсжээ. Тэгвэл нийт зорчигчийн 45.5 хувийг төлбөртэй зорчигч буюу насанд хүрэгсэд, 14.2 хувийг хүүхэд, 27.2 хувийг ахмад настан, 7.4 хувийг оюутан, 5.6 хувийг тусгай хэрэгцээт иргэд, 0.1 хувийг цусны донорын хөнгөлөлттэй зорчигч эзэлсэн байна.


Иргэд М:1 (5шар-Офицеруудын ордон), М:4 (Шархадны эцэс-Цамбагарав), Ч:40 (Алтан тариа-Улаан хуарангийн эцэс) чиглэлийн автобусаар хамгийн их зорчжээ.

М:1 чиглэлд зорчигчийн тоо өмнөх оныхоос 2.38 дахин өссөн бөгөөд үүнд тухайн чиглэлд үйлчилгээ үзүүлж буй тээврийн хэрэгслийн тоо өссөн болон троллейбусны чиглэлүүдийг нэгтгэсэн нь нөлөөлсөн байна. Тэгвэл 2024 оны эцсийн байдлаар нийт 660 чиглэл бүртгэгдсэн бөгөөд хамгийн урт нь Х:4 (Офицеруудын ордон-Шилжрээ) юм. Тус чиглэлийн нэг рейсийн урт нь 142.4 км. Тухайн чиглэлд том хүн 2300, хүүхэд 1200 төгрөгөөр зорчдог байна. Харин хамгийн богино чиглэлийн урт нь 6.1 км бөгөөд энэ нь Ч:78 (Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай) аж.


Нийтийн тээврээр хамгийн их хүн зорчдог үе нь өглөөний 07:00-08:00, оройн 16:00-17:00 цаг байсан нь нийтийн тээврийн системд цугларч буй нийт зорчилтын 30 хувийг эзэлсэн аж. 

Related news