ХӨВСГӨЛ: Иргэд номын богцоор 600 гаруй ном захиалан уншжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-01-23 14:28:00

Мөрөн, 2025 оны нэгдүгээр  сарын 23 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас “Хамтдаа уншъя гэр бүлийн уншлага” номын богцыг жил бүр аялуулж, иргэд өнгөрсөн онд 600 гаруй ном захиалан уншсан байна.


Номын богц нь хүүхдүүд аав, ээж гэр бүлтэйгээ гэртээ чөлөөт цагаараа гэр бүлийн гишүүдийн тоогоор өөр өөрсдийн сонирхсон номоо захиалан унших боломжтой юм.


Энэ нь хүүхдүүдийн ном унших сонирхол нэмэгдэж, чөлөөт цагаараа ном уншиж, эцэг эхчүүдтэйгээ номын талаар ярилцаж, сэтгэхүйг нь тэлж өгөх гэх зэрэг ач холбогдолтой гэдгийг Нийтийн номын сангийн захирал Ч.Базар хэллээ.


Номын богцонд шинэ номын танилцуулга, уншсан номоос төрсөн сэтгэгдэл үлдээх дэвтэр, уншигч гэр бүлийн фото зургаа хийж үлдээх цомог, ном уншихын ач тусын талаар зөвлөгөө мэдээлэл бүхий гарын авлага, тухайн уншигч гэр бүлийн захиалсан номууд багтдаг.


Номын богц үнэ төлбөргүй, нэг гэр бүлд 10 хоног аялах бөгөөд уншигчид Нийтийн номын санд хүсэлтээ гарган номоо өөрсдөө сонгон захиалах боломжтой юм.

 

 

Related news