ДУНДГОВЬ: 2025 онд 118 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит дөрөвдүгээр хуралдаан өнөөдөр болж байна. Тус хуралдаанаар Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны
мөрийн хөтөлбөр, 2025 оны жилийн хөгжлийн төлөвлөгөө, "Нээлттэй
Дундговь" дэд хөтөлбөрийг баталлаа.
Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр 5
бодлогын хүрээнд 159 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр үр дүнг тодорхойлж, 6 төсөл,
8 дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхээр баталжээ.
Тус хуралдаанаар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд "Нээлттэй Дундговь" дэд
хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар батлаад
байна. Тус дэд хөтөлбөр нь иргэдийн ажиллаж амьдрах, аж ахуйн нэгж байгууллагын
үйл ажиллагаа явуулах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж, нийслэлд оршин суугаа
иргэдийг татаж, аймгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх замаар хүн амын тоог
өсгөх зорилготой юм.
Мөн уг хуралдаанаар Дундговь аймгийн 2025 оны жилийн
хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Төлөвлөгөө нь 29 төсвийн ерөнхийлөн
захирагчийн үйл ажиллагаа болон 46 хөтөлбөрийн хэрэгжилт, тэдгээрийн үр дүнд хүрэх 118 үйл ажиллагаанаас бүрдэж байна.
Өнөөдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн 9 асуудлыг хэлэлцэн батлах юм.