Монгол дархны ур хийц шингэсэн "Хүннү Монгол Эрдэнийн шатар"-ыг олон нийтэд дэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2025-01-27 17:16:57

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Хүн гүрний түүх, эртний Луут хотын соёлын үнэт зүйлсийг дэлхий дахинд таниулах зорилготой "Хүннү Монгол Эрдэнийн шатар"-ыг олон нийтэд танилцуулах ёслол өнөөдөр Чингис хаан Үндэсний музейд боллоо.

 

Тус ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар, Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар болон бусад зочид төлөөлөгч оролцов.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар нээлтийн үеэр хэлэхдээ, Монголын түүх судлалыг улам эрчимжүүлэх, монгол үндэстний уг гарал, төрт ёсны уламжлал, нүүдлийн соёл иргэншлийн өв соёл, монгол үндэстний дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг судлан шинжилж, сурталчлан таниулах, үндэсний нэгдмэл үнэт зүйлс, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын түүх судлалыг улам эрчимжүүлэх тухай зарлиг гаргасан. Уг зарлигийн хүрээнд монгол уран дархны дахин давтагдашгүй бүтээл болох "Хүннү Монгол Эрдэнийн шатар"-ыг танилцуулж байгаа болохыг тэмдэглэв.


“Шидирэв” урлангийн захирал, урлаач Р.Баясгалан “Энэхүү бүтээлээ 2003 онд эхлүүлж байлаа. Тухайн үед судалгаа шинжилгээний бүтээл ховор байсан цаг. Гэтэл өнөө цагт Хүннү гүрний нийслэл Луутын туурийг малтлагаар ил болголоо. Үүний зэрэгцээ Монгол шатрын туульс уншигдаад эхэллээ. Монгол дархны ур хийц шингэсэн Хүннү эрдэнийн шатар өнөөдөр хүн зоны өмнө дэлгэгдлээ. Би энэхүү бүтээлээ урлахын тулд амьдралынхаа 20 жилийг зарцуулсан байна.  Эл бүтээлээрээ хүн төрөлхтний оюуны цангааг тайлагч шатар нь монгол орноос гаралтай гэдгийг батлах зорилгыг агуулсан” хэмээлээ.


ОХУ-ын Санкт-Петербургийн улсын их сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, эртний шатар судлаач А.Батзориг “Олон улсад шатрыг 1500 жилийн түүхтэй гэж үздэг ч шатар нь бидний өвөг дээдэс Хүннү нараас үүсэлтэй болох нь хэд хэдэн баримтаар тогтоогдоод буй. Тэгэхээр шатрын үүслийг түүнээс ч өмнөх цаг хугацаанд авч үзэх болоод байгаа юм. "Хүннү Монгол Эрдэнийн шатар"-т эртний судруудад бичигдсэн агуулгууд тодорхой хэмжээгээр шингэсэн байгаа нь гайхалтай сонин үзэгдэл болж байна” гэлээ. Ёслолын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар Монгол Улсын Гавьяат тамирчин, ууган их мастер Б.Хатанбаатар нар хүндэтгэлийн нүүдэл хийв.



Уг шатрыг урлахдаа Монголын нутгаас олдсон олдворуудаас эх санаа авч бүтээсэн бөгөөд монгол дархны уран нарийн хийц, орчин үеийн технологитой хослуулснаараа онцлог аж. Шатрын хөлөг нь 61.3 кг жинтэй, 82 см-ийн урт, өргөнтэй, 30 см-ийн өндөртэй. Шатрын авдар нь 49.9 кг-ийн жинтэй, 64 см-ийн урттай, 40 см-ийн өргөнтэй, 45 см-ийн өндөртэй. Шатрыг алт мөнгө, байгалийн үнэт чулуу зэргээр бүтээсэн ба ирэх гуравдугаар сард Хонконгт болох дуудлага худалдаанд оролцуулахаар төлөвлөсөн байна. Тиймээс гуравдугаар сарын 12-ныг хүртэлх хугацаанд дэлгэж үзэгчдэд хүргэж буй нь энэ юм.

 

Урлаач Р.Баясгалан өмнө нь Монгол Улсын Үндсэн хууль, Монголын нууц товчоо, Төрийн ордны Хүндэт дэвтэр зэрэг бүтээлийг алт мөнгө, эрдэнийн чулуугаар бүтээсэн нэгэн юм.

 


 

Related news