Нэрийн бараа, бүтээгдэхүүнийг зах зээлдээ харилцан нийлүүлэхийг эрмэлзэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Лаосын Засгийн газар хоорондын комиссын 12 дугаар хуралдаан энэ сарын 26-28-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын нийслэл Вьентьян хотноо болж байна.
Талууд хоёр улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар
харилцан мэдээлэл солилцож, Монгол, Лаос хоорондын худалдаа, эдийн засаг, зам
тээвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, байгаль орчин, соёл, боловсрол, аялал
жуулчлалын хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.
Хуралдааны эхэнд талууд хоёр улсын харилцаа, хамтын
ажиллагаа бие биеэ
дэмжин харилцан ашигтай байх хамтын ажиллагааны зарчимд тулгуурлан бүх салбарт хөгжиж, улс төрийн итгэлцэл
бэхжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж байгааг
сайшаалаа.
Дээд
түвшний харилцан айлчлалын үеэр тохирсон ажлыг эрчимжүүлж, бодит ажил хэрэг
болгох, бие биеэ нөхсөн, харилцан ашигтай, иж бүрэн, цогц хамтын ажиллагааг
хөгжүүлэхэд тус комисс чухал ач холбогдолтойг тус хуралдааныг ахалж буй Монгол Улсын Зам, тээврийн сайд, Монголын хэсгийн дарга
Б.Дэлгэрсайхан, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Эрүүл мэндийн сайд,
Лаосын хэсгийн дарга Бүнфенг Фүммалайсит нар онцоллоо.
Талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын
ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж байгааг дурдаад, Батлан хамгаалах яамд
хооронд 2022 онд байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангахаар тохирчээ. Худалдааны эргэлтийг нэмэх хүрээнд хоёр орны нэрийн брэнд бараа,
бүтээгдэхүүнийг зах зээлдээ
харилцан нийлүүлэхэд хамтран
ажиллах, ялангуяа Монгол Улсаас Лаос Улсад мах, махан бүтээгдэхүүн, Лаос Улсаас
Монгол Улсад цагаан будаа, жимс жимсгэнэ, улаан модон бүтээгдэхүүн
нийлүүлэх боломжийг эрэлхийлэхээр
болжээ.
Түүнчлэн, Монголоос мал, малын гаралтай түүхий эд,
малын үржүүлгийн бүтээгдэхүүнийг Лаосд нийлүүлэх, мал эмнэлэг, хорио цээрийн
гэрчилгээ, худалдааны нөхцөлийг харилцан тохирохоор болов. Мөн хоёр улсын худалдаа, эдийн засгийн
хамтын ажиллагаа, бараа бүтээгдэхүүний экспорт, импортыг дэмжихэд тээвэр,
логистикийн асуудлыг шийдэхийн чухлыг тэмдэглэсэн байна.
Лаосын тал 2021 онд барьж, ашиглалтад
оруулсан Вьентьян-Куньминь /БНХАУ/ хотыг холбосон 414
км төмөр зам нь Лаос төдийгүй бүс нутгийн тээвэр, логистикийн саад
бэрхшээлийг багасгах, иргэд
хоорондын солилцоог нэмэхэд хувь нэмэр оруулж байгааг тодотгожээ.
Талууд хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа
амжилттай хөгжиж ирснийг дурдаад, Эрүүл
мэндийн яамд хооронд байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангаж, Лаосын эмч нарт зориулсан
богино, дунд хугацааны сургалт зохион байгуулах, хоёр улсын аялал жуулчлалын компаниудын хооронд холбоо тогтоох, туршлага солилцох, соёлын аялал
жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар болов.
Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар
хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын оюутан, залуусыг Засгийн газрын
тэтгэлгээр харилцан сургаж байгааг сайшаагаад, хоёр улс НҮБ,
олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж ирснээ цаашид ч хадгалж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээ илэрхийллээ. Энэ хүрээнд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон
улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд үргэлжлүүлэн хамтран
ажиллахаар тохиролцжээ.
Лаосын тал Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмэр оруулж буйг дурдаад, Улаанбаатар хотод 2026 онд зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д дээд түвшний төлөөлөгчийг оролцуулахаа илэрхийлсэн байна. Мөн, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш, Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцогч улс болох, АНДЭЗХА-ны байгууллага (АПЕК)-д элсэх талаарх Монголын талын эрмэлзлийг дэмжихээ нотолжээ.
Монгол, Лаосын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан
ажил хэрэгч, халуун дотно уур амьсгалтай болж, талууд хуралдааны дүнгээр
эдийн засаг, худалдаа, зам тээвэр, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, аялал
жуулчлал зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд хөгжүүлэх тухай
протоколд гарын үсэг зурсныг ЗТЯ
мэдээллээ.