ЗАВХАН: Банкны цахим үйлчилгээг авах иргэдийн тоо өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2025
оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Завхан аймаг дахь арилжааны банкуудын цахим
үйлчилгээг авах иргэдийн тоо, банкны үйлчилгээг шуурхай хүргэх төхөөрөмжүүдийн
хүрэлцээ ч сайжирчээ.
Тус аймагт Монголбанк, ХААН, Хас, Төрийн банкны салбар нийт 53 тооцооны төвд 250 орчим ажилтан ажиллаж байна. Эдгээр банкуудаар дамжуулан 127429 харилцах данс эзэмшигч байна.
Аймгийн хэмжээнд 37 АТМ, БМОЗ машин, ПОС, ПОБ-ын төхөөрөмж 2128 байдаг бол, 455 картаар үйлчлэгч байгууллага, 1666 картаар үйлчлэгч иргэн, 67027 банкны карт эзэмшигч байна.
Цахим үйлчилгээ
буюу мобайл банкны хэрэглэгч 22228, интернэт банкны хэрэглэгч 53733
харилцагч, SMS банкийг 49372
хэрэглэгч хэрэглэж байна.
Өнгөрсөн жилийн эцсийн мэдээтэй харьцуулахад мобайл болон интернэт банк хэрэглэгчдийн тоо нэмэгджээ. Ер нь банкны салбарын хэмжээнд, дэлхий даяар цахим шилжилт эрчимтэй өрнөж байгаа.
Банкны үйлчилгээ дижитал болох нь давуу тал ихтэй. Хамгийн энгийн нь гэвэл, банкны
үйлчилгээг харилцагч амар хялбараар, байгаа газраасаа, хүссэн үедээ авах
боломжтой болж байна. Бүтээгдэхүүн үйлчилгээ харилцагчдын дэргэд очиж буй учир
харилцагч цаг заваа илүү чухал, хэрэгтэй зүйлдээ зарцуулна.
Түүнчлэн цахим шилжилтийг дагаад тогтвортой хөгжил, хүрээлэн буй орчинд үзүүлж буй том нөлөөг онцолж болно. Технологийн дэвшилтэт бүтээгдэхүүнийг нэвтрүүлснээр харилцагчийн цаг заваас гадна тэр үйлчилгээг үзүүлэхэд ашиглах цаас, цахилгааны зардлыг хэмнэнэ.
Мөн салбар,
тооцооны төвд очиход зарцуулах шатахууныг хэмнэнэ. Ингэснээр агаарын бохирдлыг
багасгахад хувь нэмрээ оруулна. Жижиг мэт харагдаж байгаа ч энэ өөрчлөлтүүдийн
цаана урт хугацаанд маш бодитой үр дүн өгөхүйц, байгальд ээлтэй үйлчилгээнүүд
бий болж байна. Тиймээс хүн төрөлхтөнд тулгараад байгаа экологийн асуудлуудыг
шийдэх, тогтвортой хөгжилд ч хувь нэмрээ оруулж байгаа юм гэж Монголбанкны Завхан салбараас мэдээлэв.