Зүүн Ази, Номхон далайн бүсийн орнуудаас хамгийн олон хүн зорчжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Манай улсын хилээр 2024 онд давхардсан тоогоор 7 179.2 мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оныхтой харьцуулахад 1 844.3 мянга буюу 34.6 хувиар нэмэгджээ.
2024 онд 3 576.6 мянган зорчигч улсын хилээр орсны 34.0 хувь нь Замын-Үүд, 25.9 хувь нь Чингис хаан, 9.6 хувь нь Алтанбулаг, 8.9 хувь нь Гашуунсухайт, 5.2 хувь нь Шивээхүрэн, 16.4 хувь нь бусад боомтоор орсон байна. Улсын хилээр орсон зорчигчдын 2 722.8 мянга буюу 76.1 хувь нь Монгол Улсын иргэд, 853.8 мянга буюу 23.9 хувь нь гадаад улсын иргэд байна. Улсын хилээр орсон Монгол Улсын иргэд өмнөх оныхоос 714.0 мянга буюу 35.5 хувь, гадаад улсын иргэд 209.8 мянга буюу 32.6 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 516.6 мянга буюу 60.5 хувь нь эрэгтэйчүүд, 337.2 мянга буюу 39.5 хувь нь эмэгтэйчүүд байна.
Мөн улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 63.3 хувь нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг, 32.1 хувь нь Европ, 2.5 хувь нь Америк, 1.2 хувь нь Ойрх Дорнод, 0.7 хувь нь Өмнөд Ази, 0.2 хувь нь Африк тивээс иржээ.
Хилээр орсон гадаадын зорчигчдын 29.6 хувийг БНХАУ, 26.2 хувийг ОХУ, 22.6 хувийг БНСУ, 3.1 хувийг Япон, 2.9 хувийг Казахстан, 2.1 хувийг АНУ, 13.5 хувийг бусад улсын иргэд эзэлж байна.
Улсын хилээр орсон жуулчдыг өмнөх оныхтой харьцуулахад,
БНХАУ-ын жуулчид 68.0 мянга, БНСУ-ын жуулчид 35.8 мянга, Япон улсын жуулчид 5.2
мянга, Казахстан улсын жуулчид 3.4 мянга, Тайванийн жуулчид 6.5 мянгаар тус тус
нэмэгджээ.