ДОРНОД: Төв номын санд 200-300 "настай" судрууд бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан, 2025 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит Дорнод аймгийн Төв номын сангийн сан хөмрөгт 200-300 жилийн өмнөх үед хамаарах төвөд болон монгол бичгээр бичсэн эртний 2000 гаруй ном судар бий. Дээрх судар бичгүүдийн дийлэнх нь шашны холбогдолтой бүтээлүүд юм.
Төв номын сан нийт 78 мянга гаруй ном судартай. Эртний ном судрууд хэрэглээний явцад үрэгдэх магадлалтай учир он тооллыг нь тогтоолгож, цахим номын сандаа бүртгэлжүүлж авчээ. Тодруулбал, ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар гурван жил дараалан төсөл хэрэгжүүлж, төвөд эрдэмтэн судлаач, МУБИС-ийн багш нарыг ажиллуулан, ном судруудаа ангилсан байна. Ийнхүү судруудыг код шифртай болгож, цахим каталогид оруулснаар дэлхийн аль ч өнцгөөс судалгааны ажил хийж байгаа эрдэмтэд үзэж танилцах боломж бүрджээ.
Сонирхуулахад, бусад орон нутаг дундаа эртний хосгүй үнэт ном судрын баяжилттай цөөн номын сангийн нэг гэж хэлж болно.