Д.Мөнхцэцэг: Албан хэргийг хос бичгээр хөтлөхөд төрийн албан хаагчдын 45.8 хувь нь бэлэн гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод, 2025 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Албан хэргийг хос бичгээр хөтлөхөд Төв аймгийн төрийн албан хаагчдын бэлтгэл ямар байгаа талаар аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлийн дарга бөгөөд Нийгмийн
бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэгтэй ярилцлаа.
-Өнгөрсөн жилүүдэд "Хос бичигтэн-Төв аймаг болцгооё" уриаг дэвшүүлэн ажилласан. Ямар үр дүнд хүрсэн бэ?
-Төв аймгийн Засаг даргын 2016 оны А/457 дугаар захирамжаар аймгийн Хэлний бодлогын орон тооны бус салбар зөвлөлийг анх байгуулснаас хойш 2021, 2022 онд бүтэц, бүрэлдэхүүнийг өргөжүүлэн шинэчлэн байгуулсан.
Энэ хугацаанд бид Монгол Улсын Их Хурлын 2015 оны “Монгол хэлний тухай” хууль, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг тус тус хэрэгжүүлэх зорилготойгоор ажилласан.
Мөн орон нутгийн хөгжлийн бодлого, дунд болон богино хугацааны хөгжлийн төлөвлөгөөг тодорхойлсон баримт бичгүүдэд “Үндэсний монгол хэл, бичгээ чанартай эзэмшиж, хэрэглэж хэвших” зорилт дэвшүүлсэн.
Дэвшүүлсэн зорилтынхоо
хүрээнд аймгийн хэмжээнд “Өв соёлоо эрхэмлэж, үндэсний бичгээ сурцгаая 2025”
аяныг 4 зорилт, 23 хэрэгжүүлэх үйл ажиллагаатайгаар батлуулан 2022-2024 онд
өрнүүллээ.
Аяны хүрээнд 2022 онд
аймгийн хэмжээний нийт төрийн албан хаагчид анхан шатны, 2023 онд дунд шатны,
2024 онд цахим бичвэрийн сургалтыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөн хэрэгжүүлсэн.
Тухайлбал, 2022 онд
“Төрийн албан хаагчдад зориулсан үндэсний бичгийн анхан шатны модуль сургалтын
хөтөлбөр”, 2023
онд “Төрийн албан хаагчдад зориулсан үндэсний бичгийн дунд шатны модуль
сургалтын хөтөлбөр”-ийг боловсруулан хүргэсэн.
Аймгийн хэмжээнд эх хэлний
95 багшийг төрийн байгууллагуудад сургагч багшаар хуваарилан албан хаагчдад
сургалт зохион байгуулав. 2022 онд 1794 төрийн албан хаагч анхан шатны, 2023
онд 447 төрийн албан хаагч дунд шатны сургалтад хамрагдсанаар нийт төрийн албан
хаагчийн 40.3 хувь нь монгол бичгийн анхан болон дунд шатны мэдлэгтэй болсон
байна.
-Сургагч багш нараас
сургалт авахад өндөр үр дүнтэй байсан гэж ойлголоо. Төрийн албан хаагчдад бие
даан эсвэл ажлын хамт олонтойгоо суралцахад чиглэсэн ажил байсан уу?
-2024 онд албан хаагч бүр төрийн албан хаагчдад зориулсан монгол бичгийн гарын авлага болон цахим хичээлүүдийг анхан, дунд шатны монгол бичгийн сургалт хэлбэрээр бэлтгэсэн. Ингэснээр албан хаагчид ажлын байрандаа болон гэртээ бие даан суралцах боломжтой болсон. Мөн төрийн байгууллагын удирдлагууд хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.
Жилийн эцсийн судалгаагаар
2024 онд өөрийн хэрэгцээ, түвшинд тохирсон анхан шатны цахим хичээлд 2021, дунд
шатны цахим хичээлд 1059, нийт 3080 төрийн албан хаагч хамрагдсан байна.
Ажлын байрандаа бие даан
монгол бичгийн мэдлэг чадвараа дээшлүүлж байгаа нь нийт албан хаагчийн
51.8 хувийг эзэлж байгаа нь 2020 оны суурь түвшнээс 32 хувиар өссөн ч зорилтот түвшнээс 8.2 хувиар доогуур үзүүлэлттэй
байна.
-Эдгээр үзүүлэлтүүдийг
ямар судалж үнэлгээг нь гаргаж байгаа вэ?
-“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийн хүрээнд Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Үндэсний статистикийн хороо хамтран төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгааг 2021, 2024 онд улсын хэмжээнд зохион байгуулж, харьцуулсан судалгааг хийсэн.
Тус судалгааны үр дүнгээс
харахад 2021 онд тус аймгийн төрийн албан хаагчдын 51.2 хувь нь албан хэргийг кирилл болон үндэсний бичгээр
хослуулан хэрэглэхэд бэлэн гэсэн бол 2024 онд 45.8 хувь болж буурсан байна.
Үүнтэй зэрэгцэн аймгийн
хэлний бодлогын салбар зөвлөлөөс жил бүр төрийн албан хаагчдын монгол бичгийн
мэдлэг чадварыг үнэлэх гараа болон барианы үнэлгээний судалгаа, түвшин тогтоох
шалгалтыг аймгийн хэмжээнд зохион байгуулж ажиллаж байна.
2024 оны барианы
үнэлгээний судалгааны гүйцэтгэл 57.6 хувьтай дүгнүүлсэн нь 2022 оны гарааны
үнэлгээнийхээс 5.1
хувиар өссөний зэрэгцээ жил бүр 52.5-57.6 хувийн гүйцэтгэлтэй дундаж түвшний
мэдлэг чадвартай байна.
-“Өв соёлоо эрхэмлэж,
үндэсний бичгээ сурцгаая 2025” аяныг эрчимжүүлэх, “Монгол бичгийн үндэсний
хөтөлбөр-III”-ийн хүрээнд ямар ажлуудыг өрнүүлсэн бэ?
-Аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлөөс “2025 онд төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх бэлтгэл ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөө”-г 2 зорилт, 9 арга хэмжээтэйгээр батлан, 82.2 хувьтай хэрэгжүүлсэн.
Тухайлбал, 2023 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд албан хэрэг хөтлөлтийг хос бичгээр, хөтлөх турших ажлыг эрчимжүүлж, жилийн эцсийн байдлаар 183 байгууллага монгол бичгээр үйлдэх 816 хэвлэмэл хуудсыг захиалан авч, албан хэргийг кирилл, монгол хос бичгээр хөтлөн туршиж эхэлсэн.
Төрийн байгууллагын
удирдлагуудын 20.8 хувь нь нэрийн хуудсаа хос бичгээр үйлдсэн бол төрийн
байгууллагуудын 79.2 хувь нь гадна хаягаа, 75.4 хувь нь өрөө тасалгааны дотор хаягийг хос
бичгээр хийжээ.
“Монгол хэлний компьютерын
орчны тогтолцоо. Тооцоолох хэрэгслийн гарын товчлуур дээрх монгол бичгийн үсэг,
тэмдгийн байршил” MNS 7004:2023 стандартыг хэрэгжүүлэх хүрээнд энэ онд цахим
бичвэрийн сургалтыг 4 удаа зохион байгуулсан.
Мөн аймгийн Засаг даргын
эрхлэх асуудлын хүрээний 24 агенлагийг хамруулан дээрх стандартуудын
хэрэгжилтэд хяналт тавьж, арга зүйн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллалаа.
Тус байгууллагуудын дундаж
гүйцэтгэл 46.9 хувь, тодорхой үр дүнд хүрсэн 1, тодорхой үр дүн гарч эхэлсэн 2, эрчимжүүлэх шаардлагатай 3, үр дүнгүй 18 байгууллага байв.
“Өв соёлоо эрхэмлэж,
үндэсний бичгээ сурцгаая 2025” аяны хэрэгжилтийг эрчимжүүлэх, монгол хэл бичгээ
сурч судлах, түгээн дэлгэрүүлэхэд идэвх санаачилга гарган ажиллаж байгаа иргэн,
хуулийн этгээд, хамт олныг дэмжиж урамшуулав. Тухайлбал, “Үндэсний бичгээ
дэлгэрүүлэгч багш”, “Монгол бичигтэн-Байгууллага”, “Монгол бичигтэн-Сум”
болзолт уралдаанууд, “Тэргүүний уншигч анги”, “Монгол бичигтэн-Төрийн албан
хаагч”, “Цахим бичигтэн” зэрэг уралдааныг зохион байгуулав.
-Төв аймаг засаг захиргааны
хувьд 27 сумтай. Эдгээр сумдаас хос бичигтэн болох ажилд хамгийн идэвхтэй
оролцсон ямар сум байсан бэ?
-Заамар сумыг онцолмоор байна. Тус сумын Засаг даргын 2021 оны “Эх хэлний өдөр зарлах тухай” А/85 дугаар захирамжийн дагуу сар бүрийн эхний 7 хоногийн даваа гаргийг “Эх хэлний өдөр” болгосон.
Тус сумын төсөвт
байгууллагуудын 202 албан хаагч монгол бичгийн анхан, дунд шатны сургалтад
хамрагдан, 55.3 хувь нь МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониныг захиалж, унших, бичих чадвараа дэмжин
хөгжүүлж байна.
Орон нутгийн хөгжлийг
дэмжих сангийн 19 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Заамар сумын 1, 2-р
сургуулиудад “Монгол бичгийн өргөө” байгуулж, суралцагч, төрийн албан хаагчдын
сурч, хөгжих орчныг бүрдүүлсэн.
Мөн Монгол хэл, уран зохиолын багш
Р.Жавзандуламын санаачилгаар Засаг дарга Л.Амгаланбаярын ивээл дор "Эх
хэлээ эрхэмлэн дээдэлье" аймгийн хэмжээний монгол хэл бичгийн анхдугаар
олимпиадыг амжилттай зохион байгуулж, 10 сумын 300 орчим сурагч мэдлэг
чадвараа сорин оролцож, олимпиадын зардалд 6.8 сая төгрөг зарцуулсан.
-Хос бичигтэн болоход ямар
асуудлууд тулгарч байна вэ?
-Хүмүүсийн идэвх, зүтгэл маш их дутаж байна. 2025 онд харьяа нутаг дэвсгэрийн хүрээнд монгол бичгийн стандартуудыг мөрдүүлэх, төрийн албан хаагчид, нэн ялангуяа архив албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудыг төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах ур чадвартай болгох ажлыг үргэлжлүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан хэвээр байна.
-Суралцахыг хүсэхгүй байгаа, төдийлөн анхаарал хандуулахгүй байгаа хүмүүст зориулаад?
-Өнөөдөр дэлхийд 7000 гаруй хэл байгаа бөгөөд түүний гуравны нэг нь мөхөж байгаа гэдэг. Өнөөдрийн байдлаар ердөө 23 хэлийг л идэвхтэй хэрэглэж байна. Бидний монгол хэл хэдий идэвхтэй хэрэглээний 23 хэлэнд багтахгүй ч мөхөх аюулаас хол хэл гэдгийг та бид өөрсдөө гэрчилнэ. Монгол монголоороо байгаагийн, байхын баталгаа юм.
Иймд “Үндэсний хэлийг
бүтээхэд өвөг дээдсийн маань зарцуулсан цаг хугацааг юугаар ч хэмжишгүй тул бид
үндэсний бичиг үсгээ хойч үедээ өвлүүлэн үлдээх нь монгол хүн бүрийн журамт
үүрэг билээ.
-Ярилцсанд баярлалаа.