БАЯН-ӨЛГИЙ: Алтанцөгц сум байгуулсны 100 жилийн ойг тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын хуралдаанаар шийдвэрлэсний дагуу Алтанцөгц сум байгуулсны 100 жилийн ойг 7 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд тэмдэглэнэ.
Алтанцөгц сум нь хуучнаар Чандмань уул аймгийн Мээрэнгийн хошуу, Алтанцөгц нуурын сум хэмээх нэртэйгээр 120 өрхийн 500 гаруй хүн, 70 мянга гаруй толгой малтайгаар 1925 онд байгуулсан байна.
Одоогоор тус суманд Хаш,
Баянбулаг, Улаанхаргана, Цагаантүнгэ гэсэн 4 багийн нийт 804 өрхөд 3084 хүн
амьдарч байгаа бол, 2024 оны тооллогоор 146,157 мал тоолуулжээ.
Хүн амын тоогоор Баян-Өлгий
аймгийн 13 сумаас 10-т, газар нутгийн хэмжээгээр 12-т ордог хүн амын нягтралаар
хамгийн бага сум юм.
Алтанцөгц сумын түүхэн 100 жилийн ойн баярыг 7 дугаар сарын
17-19-ний өдрүүдэд цаст Цамбагарав хайрхны хормой Хоёр толгойд зохион байгуулахаар сумын удирдлагууд, нутгийн
зон олонтойгоо хамтран бэлтгэл ажилдаа оржээ.
Ташрамд, энэ жил Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны болон Цэнгэл сум
байгуулагдсаны 100 жилийн ой мөн тохиож
байгаа бөгөөд Алтанцөгц сум, Цагааннуур тосгоны 100 жилийн ойг тэмдэглэхээр аймгийн ИТХ-ын тогтоол гараад бэлтгэл ажлаа эхлүүлсэн бол Цэнгэл сумын хувьд 100 жилийн ойгоо тэмдэглэх талаар албан ёсны шийдвэр гараагүй байгаа юм.