Хүүхдийн өвлийн спортын VIII наадам Улаанбаатар хот, Орхон аймагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-04 10:49:49

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монголын хүүхдийн өвлийн спортын VIII наадмыг энэ сарын 17-ноос Улаанбаатар хот, Орхон аймагт зохион байгуулахаар болжээ.


Долоо хоног үргэлжлэх эл наадам нь өвлийн спортыг сурталчлах, өсвөрийн тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөх тамирчдыг нээн илрүүлэх зорилгын хүрээнд энэхүү наадмыг хоёр жил тутамд зохион байгуулдаг билээ. 1999 оноос эхлэлтэй тус наадам гүйлтийн тэшүүр, шорт трейк, снөүбоард, уулын цана, шайбтай хоккей, гүйлтийн цана, тусгай олимпын цасны гуталтай гүйлт гэсэн үндсэн долоон төрлөөр шилдгүүдээ тодруулна. Харин үзүүлэх төрөлд тусгай олимпын гүйлтийн цанын спорт багтжээ. Наадмын бэлгэдэл нь уламжлал ёсоор Галхүү байх юм. Галхүүг хүүхдийн наадмын логоноос сэдэвлэн бүтээсэн галын дөл бөгөөд үргэлж мандан бадарч байхыг бэлгэдсэн байна.


VIII наадмын хүрээнд шайбтай хоккейн тэмцээн Чингэлтэй дүүргийн спорт цогцолборт, гүйлтийн тэшүүр, шорт трейкийн төрөл Хандгайт дахь мөсөн гулгуурын талбайд, харин уулын цана, гүйлтийн цана, снөүбоард, цасны гуталтай гүйлтийн тэмцээнийг Орхон аймгийн “Сархиа” цанын баазад зохион байгуулах аж.


Хүүхдийн өвлийн спортын наадмын нийт шагналын сан 190 сая төгрөг бөгөөд төрөл тус бүрдээ түрүүлсэн тамирчин 600 мянган төгрөг гардана.  



Related news