Й.Столтенбергийг Норвегийн Сангийн сайдаар томилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-02-05 10:26:19

ОСЛО, 2025 оны хоёрдугаар сарын 5 /CNBC/. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Йенс Столтенберг Норвегийн Сангийн сайдаар томилогдсон тухай тус улсын Засгийн газар мягмар гарагт мэдэгджээ.


Й.Столтенберг НАТО-г арван жилийн турш, тэр дундаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эхний бүрэн эрхийн хугацааны үед удирдаж байв. Тэрбээр 2024 онд НАТО-гийн одоогийн тэргүүн Марк Рюттед албан тушаалаа хүлээлгэн өгсөн юм.


Д.Трамп эхний бүрэн эрхээ хэрэгжүүлэх үедээ холбоотнууд батлан ​​хамгаалахын салбарт хэтэрхий бага хөрөнгө мөнгө зарцуулж байна" хэмээн шүүмжилж, тус эвслээс гарна гэж сүрдүүлсний дараа түүнийг эвсэлд үлдэхийг ятгасных нь төлөө Й.Столтенбергийг Трампад хов зөөгч гэж гоочилдог байжээ. 


Улс төрийн зөн совин сайтай, прагматик үзэлтэн гэгддэг Й.Столтенбергийн НАТО-д ажиллах хугацааг 2022 онд Оросын цэргүүд Украинд халдан довтолсны дараа дахин сунгасан юм. Өдгөө 65 настай тэрбээр НАТО-г удирдахаасаа өмнө Норвегийн Ерөнхий сайдаас гадна Сангийн сайдаар ажиллаж байжээ.


Өнгөрсөн долоо хоногт Норвегийн эрх баригч эвсэл задарч, Төвийн нам эвслээс гарсны дараа Хөдөлмөрийн намын гишүүн Й.Столтенберг засгийн газарт эргэн иржээ. Ирэх есдүгээр сард болох сонгуулийн өмнө явуулж буй санал асуулгуудын дүнгээр лейбористуудын засгийн газрын нэр хүнд тааруухан байгаа нь ажиглагдсан, мөн Атлантын далайг дамнасан худалдааны дайн дэгдэж болзошгүй байгаа энэ цаг үед тэрбээр уг чухал албан тушаалд томилогдож байна.

 



Related news