Хятад, АНУ-ын төлөөлөгчид бүтээлч хэлэлцээ хийсэн гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-07-30 11:16:53

СТОКХОЛМ, 2025 оны долоодугаар сарын 30 /Xinhua/. Хятад, АНУ-ын худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн багууд харилцан сонирхсон чухал сэдвүүдээр гүнзгий агуулгатай, илэн далангүй, бүтээлч яриа хэлэлцээ хийлээ гэж Хятадын өндөр албан тушаалтан мягмар гарагт мэдэгджээ. 


Хятадын Худалдааны яамны олон улсын худалдаа хариуцсан төлөөлөгч, Худалдааны яамны дэд сайд Ли Ченган Шведийн нийслэл Стокхолм хотноо болсон эдийн засаг, худалдааны шинэ үе шатны хэлэлцээний дараа хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ ийнхүү мэдэгдсэн байна.


Хоёр тал АНУ-ын талаас ногдуулсан 24 хувийн хариу татвар болон Хятадын талаас авсан хариу арга хэмжээнүүдийг хойшлуулах хугацааг үргэлжлүүлэн сунгах чиглэлд ажиллах болно гэж Ли Ченган хэлжээ.


Хятад, Америкийн тогтвортой, эрүүл эдийн засгийн харилцааг хадгалахын чухлыг хоёр тал бүрэн ухамсарлаж байна гэж тэрбээр хэлээд, хоёр тал харилцан бие биенийхээ худалдаа, эдийн засгийн томоохон асуудлаар илэн далангүй яриа хэлэлцээ өрнүүлсэн гэлээ.


Даваа гарагт эхэлсэн хэлэлцээний үеэр хоёр тал Женев, Лондонд хүрсэн тохиролцооны хэрэгжилтийг дүгнэж, ахиц дэвшил гарсныг бүрэн нотолсон байна. Улмаар Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны асуудал эрхэлсэн багууд цаашид нягт харилцаагаа үргэлжлүүлж, худалдаа, эдийн засгийн асуудлаар цаг тухайд нь санал солилцож, хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг тогтвортой, эрүүл хөгжүүлэх үйл явцыг үргэлжлүүлэх болно гэж Ли Ченган хэлжээ.

Related news