ДУНДГОВЬ: Говийн ирээдүй сургуулийн шинэ байрыг ашиглалтад орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Говийн ирээдүй
сургуулийн хичээлийн шинэ байр ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Ёслолын үйл
ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун, Засаг
дарга С.Мөнчулуун, Сайнцагаан сумын удирдлагууд, сургуулийн үе үеийн багш,
төгсөгчид оролцов.
960 хүүхэд суралцах тус сургуулийн барилгыг улсын төсвийн
14.72 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Си Эйч Би Жи Констракшн" ХХК барьж, шинэ
оны өмнө хүлээлгэн өгчээ.
Говийн ирээдүй сургуулийн өмнө нь ашиглаж байсан сургуулийн барилгыг 1965 онд барьж, анхны сурагчдаа хүлээн авч байсан бол 60 жилийн дараа шинэчлэгдэн,
стандартын шаардлага хангасан, сүүлийн үеийн тоног хэрэгсэл бүхий орчин үеийн сургууль
болон өргөжиж байгаагаараа онцлог юм.
Тус сургууль 1971 онд 10 жилийн нэгдүгээр
сургуулийн харьяанд байгуулагдаж, 1974 онд бүрэн бус дунд сургууль болсон ба 2009
оноос Сайнцагаан сумын 2 сургуулийг нэгтгэн өргөжсөн түүхтэй.
Тус сургуульд аймгийн орон нутгийн 123 сая төгрөгийн хөрөнгө
оруулалтаар мэдээлэл технологийн эрин зуунд нэн шаардлагатай техник, тоног
төхөөрөмжөөс бүрдсэн “СМАРТ” танхим, Сайнцагаан сумын ОНХС-гийн 20 сая
төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хими физик"-ийн кабинет байгуулсан бол Ардын
боловсролын тэргүүний ажилтан, бага ангийн багш Тавхайн Ишгэний нэрэмжит “Бага
ангийн математикийн кабинет”-ыг гэр бүл, үр хүүхдүүд, үе үеийн шавь нар нь
тохижуулан сургуулийн нээлтийн үеэр хүлээлгэн өгчээ.
Цаашид Говийн ирээдүй сургуульд англи хэлний лингафоны танхим тохижуулж, сургуулийн орчин нөхцөл, сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаа аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.
Related news


