ДОРНОГОВЬ: Улсын аварга тэмээчний удам гурав дахь үеийн тэмээчид
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд суманд Хилэнцтэй хөшөөний орчимд болсон “Их говийн тэмээ-2025” наадмын сонин содон үйл явдлаас тоймлон хүргэж байна. Их говийн ээрэм талаас ижил зүсмийн хоёр бор тормоо унаж тэшүүлэн ирсэн хоёр хүүхэд бол Дорноговь аймгийн Мандах сумаас оролцсон Золбаярын Түвшинбаяр, Төгсбаярын Эрдэнэтунгалаг нар юм.
Ихэр юм шиг ижил хувцсаар ижилссэн төрсөн ах дүү нарын хүүхдүүд анх 2023 онд нутагтаа “Түмэн тэмээний баяр”-т оролцож тэмээ унаж сурчээ. Д.Эрдэнэтунгалаг 10 настай. Мандах сумынхаа ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар анги сурдаг. З.Түвшинбаяр долоон настай. Сумынхаа сургуулийн тавдугаар ангид сурдаг.
Аав, ээж нь өөрийн
унаган сүргээсээ хоёр ижил ботго сургаж гаршуулан хүүхдүүддээ унуулсан нь бяцхан
хүүхдүүдэд тэмээ маллах ухаан, тэмээн соёлыг өвлүүлэх, тэмээнд хайртай болоход чухал нөлөө
үзүүлжээ.
Тэдний эмээ улсын аварга малчин, тэмээчин Цэдэнгийн Цэгмид гэдэг хүн байсан бол аав Халзангийн Золбаяр, Халзангийн Төгсбаяр нар хоёр дахь үеийн тэмээчин, Золбаярын Түвшинбаяр, Төгсбаярын Эрдэнэтунгалаг нар гурав дахь үеийн тэмээчний халааг залгаж байна.
Тэд аав, ээжтэйгээ хамт гурван жилийн өмнө тэмээчдийн наадамд оролцож тэмээгээ эдэлж хэрэглэдэг сайхан хосын уралдаанд гуравдугаар байр, ноднин жил хоёрдугаар байр, энэ жил мөн гуравдугаар байрт тус тус шалгарчээ.
З.Түвшинбаярын ээж Д.Мөнхчулуун “Бид тэмээ малаа өөрсдөө сургаж, уналга эдэлгээнд ашигладаг. Хамгийн гол нь говь нутгийн бахархал болсон тэмээн соёлоо үр хойчдоо өвлүүлэн үлдээх, ашиг шимийг нь хүртэх, сурталчлан таниулах зорилгоор бид гэр бүлээрээ жил бүр тэмээчдийн наадамд оролцдог” гэв.
Ташрамд, Дорноговь аймгийн Мандах сум бол тэмээний нутаг юм. Өнгөрсөн онд 11.47 мянган тэмээ тоолуулж аймагтаа тэргүүлээд байна. Тус сумаас Дорноговь аймгийн цорын ганц мянган тэмээний эзэн, Монгол Улсын гавьяат малчин Нямсүрэнгийн Баясгалан төрөн гарчээ.