ХОВД: Сум, байгууллагууд баялаг бүтээгчдийг дэмжих чиглэлээр ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-02-11 16:37:27

Жаргалант, 2025 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа энэ сарын 10-нд сумын Засаг дарга, байгууллагын дарга нартай уулзаж, төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ байгууллаа.

Гэрээнд орон нутгийн салбар бүрийг хөгжүүлэх, дэмжих тухай заалт тусгажээ.  

Энэ үеэр тус аймгийн Засаг дарга хэлэхдээ, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг бий болгох үүднээс 2025 оныг Баялаг бүтээгч, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч иргэд, малчин, тариаланчдыг дэмжих жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан сум, байгууллагууд цаашид баялаг бүтээгчид болон бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр тодорхой ажил санаачлан зохион байгуулж, төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэн, авлига ашиг сонирхлын зөрчил гаргахгүй, иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллах нь чухал гэж онцоллоо.   

“Хурдтай хөгжлийн зам” аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд цаашид 

  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулах
  • Булган боомтын өргөтгөл хийж, Байтаг боомтыг байнгын үйл ажиллагаатай болгох
  • Үйлдвэр технологийн паркийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн баялаг бүтээгчдийг дэмжих
  • Газар тариалангийн тогтвортой хөгжлийн аян өрнүүлэх
  • Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн барилгыг шинээр барьж ашиглалтад оруулах зэрэг олон талт ажил хэрэгжүүлнэ.

Үүний үр дүнд аймгийн эдийн засгийн гол үзүүлэлт болох дотоодын нийт бүтээгдэхүүнийг хоёр дахин нэмэгдүүлж, хоёр их наядад хүргэнэ гэсэн зорилт дэвшүүлсэн гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.  

 

Related news