Хэвийн боовны дундаж үнэ 5500-7000 төгрөг байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-02-14 11:43:26

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болоход хоёр долоо хоногийн хугацаа үлджээ. Энэхүү баярын хамгийн чухал зүйлийн нэг нь тавгийн идээ билээ. Нутаг нутгийн ёс заншлаас хамаарч тавгийн идээг хэвийн боов, гүрмэл, мушгиа гэх мэт олон төрлийн боовоор засдаг уламжлалтай. Тэр ч бүү хэл сүүлийн жилүүдэд нийслэлийнхэн цагаан идээгээр засах нь элбэг болсон. Тэгвэл бид энэ удаа тавгийн боов ямар үнэтэй байгааг сурвалжиллаа.


Сар шинийн баярыг угтан нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж буй үзэсгэлэн худалдаанд хэвийн боовыг төрөл төрлөөр нь худалдаж байна. Бид “Улаанбаатар палас”-т болж буй “Ерөөлтэй цагаан сар-2025” үзэсгэлэн худалдааг зорилоо.


Тус үзэсгэлэн худалдааны ул боов худалдаж байгаа хэсэгт хүмүүсийн хөл хөдөлгөөн ихтэй байв. Тэд амт чанартай, шаргалтсан хэвийн боов олохын тулд сонирхсон тасагтаа очиж, худалдаачдаас ямар тосонд шарсан, орц найрлагад юу орсон бэ гэх мэтээр асуулт асууна. Харин худалдаачид амталж үзэхийг санал болгож, өөрсдийн зарж байгаа хэвийн боовны үнэ, орц, бусад газраас ялгарах онцлогийнхоо талаар дэлгэрэнгүй тайлбарлаж байлаа. Тавгийн идээгээ засах ул боов,  гүрмэл, сүлжмэл, зүсмэл, мушгиа гэх мэтээр олон төрөл байна. Түүнчлэн саран хэлбэртэй, таваг засахад зориулсан еэвэн хүртэл худалдаанд гарчээ. Үнийн хувьд үйлдвэрлэгч болон орц найрлага, зүсэлтээс хамаарч харилцан адилгүй байв.


Бидний эхний орсон газар болох “Суман гүн” трейдийн нэг ширхэг хэвийн боов 5000-5500 төгрөг, гүрмэл нь 7000 төгрөгийн үнэтэй байлаа. Харин “Талх чихэр” компаниас энэ жил “Атар”, “Түмэн наст”, “Язгуур”, “Өв соёл” зэрэг багц гаргажээ. Багцаас хамаарч үнийн дүн харилцан адилгүй. “Атар” багцын нэг ширхэг хэвийн боов 5600 төгрөг байгаа бол “Түмэн насан” багц нь 8200 төгрөгийн үнэтэй байх жишээтэй.




Айлууд цагаан сараар ул боовоос гадна гүрмэл, сүлжмэлээр ширээгээ засах нь элбэг байдаг. Энд торгууд гүрмэл, эртний монгол гүрмэлийг 7000-8000 төгрөгөөр худалдаж байна. Сүлжмэл боов хүн бүхний анхаарлыг эрхгүй татаж байлаа. Энэ нь бөөрөнхий хэлбэртэй тул дээр дээрээс нь давхарлаж идээгээ засаж болдгоороо онцлогтой. Амт чанар сайтай, шар тос, элсэн чихэр, давсаар амталсан гэдгийг худалдаачид ярилаа.  Үнийн хувьд гурван ширхэг нь 80 мянга, түүнээс дээш нь 100-150 хүртэлх төгрөг хэмээв.



Ахмад настай хүмүүсийн дийлэнх нь уламжлалт аргаар шар тосонд чанаж бэлтгэдэг аравнайлсан хэвийн боовоор тавгийн идээгээ засахыг эрхэмлэдэг. Иймдээ ч цагаан сараар Гандангийн хэвийн боов хамгийн эрэлттэй байдаг. Тиймээс тус хийдийг зорих нь зүй ёсных биз.

Гандантэгчилэн хийдийн гал тогооноос шар тосонд шарсан шинэхэн боовны үнэр сэнгэнэнэ. Эндээс өдөрт 3000 ширхэг хэвийн боов үйлдвэрлэгдэж, эрдэм номын өргөө болон иргэдийн гарт очдог. Цагаан сарын баяртай холбоотой тус хийдийн “Гандан” дэлгүүрт шар тостой хэвийн боов худалдаж эхэлжээ. Гандангийн хэвийн боов нь нэг ширхэг нь 7500 төгрөгийн үнэтэй байгааг худалдагч онцолж байв. Энэ жил хэвийн боовны үнэ өнгөрсөн оныхоос 200-500 төгрөгөөр нэмэгдсэн аж. Тус хийдээс худалдаанд гаргасан хэвийн боовыг зөвхөн “Гандан” дэлгүүрээс авах боломжтой бөгөөд сүлжээ дэлгүүрүүд, үзэсгэлэн худалдаануудаар худалдаалахгүй гэдгийг тус хийдээс мэдэгдсэн юм.  


Хүн бүрийн амтлах, үнэрлэх мэдрэмж өөр байдаг. Тэр утгаараа иргэдийн зарим нь ямар ч эргэлзээгүйгээр өмнө нь хэрэглэж байсан үйлдвэрийн бүтээгдэхүүнээ сонгодог. Сүүлийн жилүүдэд “Стимо”, “Суман гүн”, “Талх чихэр”, “Алиман сар”, “Амдэ” компани болон Гандантэгчинлэн хийдээс худалдаанд гаргадаг хэвийн боов иргэдийн дунд эрэлт ихтэй байдаг бөгөөд тэр хэрээр үнэ нь бусдаас арай илүү байгаа нь анзаарагдлаа. 








Related news