2024 оны хамгийн өндөр чансаатай уяач, унаач, хурдан хүлгүүдийг тодруулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгчид хуралдаж, 2024 оны өндөр чансаатай уяачид, уралдаанч хүүхдүүд, азарга, их нас, сонгомол дээд насны есөн хурдан хүлгийг шалгаруулсан байна.
Хамгийн өндөр чансаатай уяачдыг Тод манлай уяач М.Алтан-Очир тэргүүлэв. Тэрбээр өнгөрсөн онд улс, бүсийн наадмаас зургаан түрүү, есөн айраг хүртжээ. Тэгвэл Тод манлай уяач О.Батбилэг, Б.Лхагва-Очир, алдарт уяач У.Тамир, Г.Болдбаатар нар эхийн тавд жагслаа. Түүнчлэн Тод манлай уяач Т.Ихбаяр, уяач Д.Гомбосүрэн, алдарт уяач А.Нямбаатар, Г.Даваадалай нар эхний есөн байрт эрэмбэлэгджээ.
Харин хамгийн өндөр чансаатай есөн уралдаанч хүүхдийг СХД-ийн харьяат Г.Хаш-Эрдэнэ тэргүүлжээ. Түүний хувьд улс, бүсийн наадмаас нэг түрүү найман айраг хүртсэн байна. Араас нь Багахангай дүүргийн С.Өлзийхүү, Төв аймгийн Батсүмбэр сумын Н.Билэгсайхан, Баянцогт сумын О.Цэнгүүн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын И.Бат-Ирээдүй, Б.Пүрэвдаваа, Төв аймгийн Баян-Өнжүүлийн Б.Бат-Эрдэнэ, Дундговийн Сайнцагааны Б.Намчин, Төв аймгийн Зуунмодын Г.Отгонсүх нар жагсав.