Х.Милейгийн эсрэг импичмент зарлана гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БУЭНОС-АЙРЕС, 2025 оны хоёрдугаар сарын 17 /DW/. Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей ханш нь огцом унасан криптовалютыг нийгмийн сүлжээний хаягтаа сурталчилсныхаа дараа шүүмжлэлд өртөж, импичментэд өртөх эрсдэлтэй тулгарчээ.
X платформ /хуучнаар
Twitter/ дахь хаягаараа түүний сурталчилсан
шинэ криптовалютын ханш 5 ам.доллар
(4.75 евро) болж өссөн боловч удалгүй 1 ам.доллараас доошилж унасан байна.
Криптовалют бүтээгчид хувьцаагаа зарахын өмнө ханшийг нь өсгөх зорилгоор хөрөнгө оруулалтыг богино хугацаанд татдаг “rug pull” схемийг ашигласан байх магадлалтай гэдгийг Аргентины Санхүүгийн танхим хүлээн зөвшөөрчээ. “Олон улсын тавцанд биднийг ичгэвтэр байдалд оруулж буй энэ дуулиан Ерөнхийлөгчийн эсрэг импичмент зарлах хүсэлт гаргах үндэслэл болж байна” гэж сөрөг хүчний хууль тогтоогч Леандро Санторо мэдэгдсэн байна.
Аргентины хэвлэлүүдэд бичсэнээр, Х.Милей “жижиг бизнесүүд, Аргентины бизнес эрхлэгчдийг санхүүжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх зорилготой “хувийн төсөл”-ийн талаар олон нийтийн сүлжээнд нийтэлжээ. “Дэлхий нийт Аргентинд хөрөнгө оруулахыг хүсэж байна. $LIBRA” гэж уг нийтлэлд бичсэн байна. Үүний дараа криптовалютын ханш өссөн боловч удалгүй огцом унажээ. Харин Х.Милей уг нийтлэлээ хэдхэн цагийн дараа устгажээ. “Би төслийн талаар нарийн дэлгэрэнгүй мэдэхгүй байсан тул олон нийтэд сурталчлахгүй байхаар шийдсэн” гэж тэрбээр X хуудсандаа бичсэн байна.
Сөрөг хүчний зарим хууль тогтоогчийн зүгээс Х.Милейгийн эсрэг импичмент зарлах хүсэлт гаргана гэж мэдэгдсэн байна. Барууны төвч үзэл баримтлалтай Иргэний эвслийн гишүүн Максимилиано Ферраро мэдэгдэхдээ, Аргентины парламент “баримтуудыг тодруулж, хариуцлага тооцохын тулд тусгай мөрдөн шалгах хороо байгуулах ёстой" гэжээ. Мөн Ерөнхийлөгч асан, сөрөг хүчний зүтгэлтэн
Кристина Фернандес де Киршнер одоогийн ерөнхийлөгчийг “крипто луйварчин” гэж нэрлэжээ.