БУЛГАН: "Бид мод тарьж байна" хүүхдийн дууны улсын уралдаанд дэд байрт шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-02-18 15:07:19

Булган, 2025 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. "Бид мод тарьж байна" хүүхдийн дууны улсын уралдаанд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ЕБС-ийн дуу хөгжмийн багш МУСТА, МУБТА Ц.Өлзийсайханы бэлтгэсэн Ж.Амарсанаа багштай 7б анги дэд байрт шалгарлаа. 


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан "Бид мод тарьж байна" цэцэрлэг, бага нас, дунд насны ангиллаар нийт 13 мянга гаруй сурагч анги, хамт олноороо оролцож, 616 бүтээлээ ирүүлсэн хүүхдийн дууны улсын уралдаанд бүтээлч сэтгэлгээ, авьяас чадвар, хамтын ажиллагаагаараа шалгарч дэд байр эзэлсэн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ЕБС-ийн Ж.Амарсанаа багштай 7Б ангийн хамт олон, бэлтгэсэн багш Ц.Өлзийсайхан нарт шагналыг аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах нар гардуулж баяр хүргэлээ.


Уралдаан нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах, ой, усны нөөцийг нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хүүхэд багачуудад сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх, олон нийтийг мод тарих үйлсэд уриалах зорилготой.


Дууны тэмцээний бүтээлийг 2024 оны 11 дүгээр сарын 1-нээс 2025 оны 2 дугаар сар хүртэл цахимаар хүлээн авч шалгаруулсан байна.


"Бид мод тарьж байна" дууны үгийг Монгол Улсын Гавьяат багш С.Шаарийбуу бичиж, аяыг Монгол Улсын Гавьяат багш Хүүхдийн элч хөгжмийн зохиолч С.Батболд зохиожээ.


Улсын уралдааны дэд байрын шагналт 7б ангийн хамт олныг бэлтгэсэн багш Ц.Өлзийсайхан нь олон улсын болон бүсийн уралдаан тэмцээнд тогтмол шавь нараа бэлтгэн амжилттай оролцуулж, Орхон аймагт найрал дууг сурталчлан дэлгэрүүлэхэд тууштай ажилласан хойд бүсийн шилдэг тэргүүний багш нарын нэг.


ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотод гурван жилд нэг удаа болдог “Хүүхдүүд дуулж байна” олон улсын уралдаанд бэлтгэсэн хамтлаг нь  2010 онд Гран при, 2013 онд багаараа тэргүүн байр, мөн Шилдэг багш шагнал авсан бол 2016 онд багаараа хоёрдугаар байрт орж байжээ.    


"Бид мод тарьж байна" улсын уралдааны шагналт Амарсанаа багштай 7б ангийнхан аймгийн Нийтийн номын сантай танилцаж, Орон нутаг судлах музей үзлээ. 















Related news