БАЯНХОНГОР: Улсын уралдааны хуучир хөгжмийн төрлийн тэргүүн байрт Г.Аги шалгарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Олон улсын бага сургуулийн 5а ангийн сурагч Г.Аги "Ая эгшгийн зургаан жигүүр-2025" үндэсний хөгжмийн уралдааны хуучир хөгжмийн төрөлд тэргүүн байр эзэлжээ.
“Ая эгшгийн зургаан жигүүр-2025” үндэсний хөгжмийн улсын уралдаанд Баянхонгор аймгаас Баянцагаан сумын ЕБС-ийн “Чандмань аялгуу-3” хамтлаг, морин хуур хөгжмийн ахлах насны ангилалд Номундалай сургуулийн 11д ангийн сурагч Г.Дүгэрсүрэн, хуучир хөгжмийн бага насны ангилалд Олон улсын бага сургуулийн 5а ангийн сурагч Г.Аги нар оролцсон байна.
Оролцогчид монголын болон дэлхийн сонгодог зохиол, ардын дуунуудаас сонгон ур чадвараа сорин дөрвөн өдрийн турш үндэсний хөгжмөөрөө хөгжимдөн өрсөлдсөнөөс хуучир хөгжмийн бага насны ангиллын тэргүүн байрт Г.Аги шалгарсан байна.
Үндэсний хөгжмөө таниулан сурталчлах, ур чадварыг сайжруулах, суралцах идэвхийг өрнүүлэх, харилцан туршлага хуримтлуулах зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг Ая эгшгийн жигүүр өсвөрийн ардын хөгжимчдийн улсын уралдаанд хүүхдүүд морин хуур, ятга, ёочин, лимбэ, шанз, хуучир, эвэр бүрээ зэрэг хөгжмийг тоглох чадвараараа өрсөлджээ.