ТӨВ: Аймгийн Нэгдсэн эмнэлэгт нарийн мэргэжлийн мэс засал хийх боломж бүрдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-02-20 15:55:37

Зуунмод, 2025 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт орчин үеийн стандартад нийцсэн мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийг шинээр байгууллаа.


Энэхүү тасаг нь "Олон улсын сlass 1000" стандартын мэс заслын 2 вакуум ариун өрөө, 1 энгийн мэс заслын өрөөтэй. Бүх тоног төхөөрөмж, өрөөний тусгай тоноглолуудыг БНСУ-д үйлдвэрлэсэн байна.  


Эрхтэн шилжүүлэн суулгах, зүрхний мэс засал, өндөр эрсдэл бүхий мэс засал, мэдрэлийн зэрэг нарийн мэргэжлийн бүх мэс заслыг хийх боломжийг бүрдүүлсэн нь орон нутгийн нэгдсэн эмнэлгүүд, бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдээс анхдагч болж байгаагаараа онцлогтой.


Улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн өртөгтэй барилгын ажлыг “Мед буян” ХХК гүйцэтгэсэн бөгөөд 2024 оны 7 дугаар сард ажлаа эхлүүлж, өнөөдөр хүлээлгэн өгч байгаа нь энэ юм. Мөн “Мед буян” ХХК-ийн зүгээс нэмэлтээр тасгийн бүх тохижилтыг хийсэн байна.


Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг жилд 155 мянган иргэнд амбулаторийн тусламж үйлчилгээ, 13 мянган иргэнд хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ үзүүлдэг. Сүүлийн 5 жилийн дунджаар 1330 хагалгаа, мэс ажилбарыг жилд гүйцэтгэж байгаа бөгөөд хагалгааны нэр төрлийг жил бүр нэмэгдүүлэн ажиллаж байна.




Related news