ДУНДГОВЬ: Аймгийн аваргуудаа алдаршуулж, шагнал гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Жил бүр сар шинийн босгон дээр улс, аймаг, сумын аварга
малчид, саальчид, тариаланчдыг шалгаруулдаг.
Дундговь аймгаас модон могой жилийн босгон дээр Улсын хошой
аварга малчин 1, Улсын аварга малчин 9, Аймгийн
хошой аварга малчин өрх 10, Аварга малчин өрх 60, Аварга тэмээчин 5, Аварга
саальчин 15, Аварга тариаланч 3 тодорч, Аймгийн аваргуудад шагнал агрдуулах
ёслолын ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.
Үндэсний баялаг болсон уламжлалт мал аж ахуй, газар
тариалан эрхлэн, үр ашгийг нэмэгдүүлж, улмаар улс, орон нутгийнхаа эдийн
засгийн хөгжилд хувь нэмрээ оруулан болзол хангасан малчид, тариаланчдад дээрх
шагналыг олгодог.
Шагнал гардуулах ёслолын үеэр тус аймгийн Засаг дарга
С.Мөнхчулуун хэлсэн үгэндээ малчид, мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр баримталж
буй аймгийн бодлого, үйл ажиллагааг танилцуулж, сар шинийн босгон дээр хөдөлмөр
бүтээлээ үнэлүүлж, ажил хөдөлмөрөөрөө манлайлан аварга болсон малчид, саальчид,
тариаланчдад баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүслээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ “Хөдөлмөрч, бүтээлч, говьчууд маань
төр засагтаа хөдөлмөр бүтээлээ үнэлүүлэн төрийн өндөр цол, одон медаль, улс,
аймгийн алдарт уяачид, аварга малчид, алдартан гавьяатнуудаар хүрээгээ тэлж, сэтгэл
тэнэгэр сар шинээ сайхан угтаж байна.
Аймгийн Засаг даргын 2024-2028 оны Засаг даргын үйл
ажиллагааны хөтөлбөрт 5 бодлого, 7 дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан. Анх
удаа малчдыг мэдээллээр хангах, хөгжүүлэх, малын бэлчээр, тэжээл хангамжийг
нэмэгдүүлэх, малын үржүүлэг, технологийн үйлчилгээг шинжлэх ухааны үндэстэй
зохион байгуулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, мал
сүргийг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах, малын өвчлөлийг багасгах,
эрсдэлийг бууруулахын тулд “Малчин, мал аж ахуйг дэмжих” дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж
байна.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 4 зорилт дэвшүүлж, малын ашиг
шимийг нэмэгдүүлэх, гойд ашиг шимт малын цөм сүргийг үржүүлэх зэрэг 17 үйл
ажиллагааг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Шинэ он, шинэ жил гарахад өмнөх онд гаргасан амжилт,
бүтээлээ дүгнэн цэгнэж, амжилт гаргасан иргэдээ шагнаж урамшуулдаг уламжлалтай.
Луу жилд гаргасан амжилтаараа Дундговь аймгаас Улсын аварга малчин өрх 9, Улсын
хошой аварга 1, Аймгийн хошой аварга малчин өрх 10, Аварга малчин өрх 60,
Аварга тэмээчин 5, Аварга саальчин 15, Аварга тариаланч 3 тодорсон амжилт
үзүүллээ. Мөн өнгөрсөн жил Алдарт уяач 40 хүнээр нэмэгдлээ” гэсэн юм.
2024 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр Дундговь аймаг
3,4 сая мал тоолуулсан. Улсад тэмээ, хонины тоогоор 5 дугаарт эрэмбэлэгдсэн бол
Эрдэнэдалай сум нийт малын тоогоороо улсад 2 дугаарт жагссан амжилт үзүүлжээ.
"Шинэ хоршоо" хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд 515
хоршоо шинээр бүртгүүлж, 402 хоршооны 1426 малчин өрх 48,3 тэрбум төгрөгийн
зээл авсан байна.
Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааны дараа аймгийн
Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид сар шинийн баярт зориулсан тоглолтоо толилууллаа.