ХМТ: 1.5 тэрбумын криптовалютын хулгайг Умард Солонгос зохион байгуулсан
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 27 /AFP/. Өнгөрсөн долоо хоногт 1.5 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний цахим валютыг хулгайлсан хэрэгт АНУ-ын Холбооны мөрдөх товчоо /ХМТ/ лхагва гарагт Умард Солонгосыг буруутгаад, түүхэн дэх хамгийн том крипто хулгайн гэмт хэргийн ард тус улс байгаа хэмээн мэдэгджээ.
Дубайд төвтэй “Bybit” криптовалютын
бирж өнгөрсөн
долоо хоногт 400 мянган эфириумийг хулгайд алдсан
тухайгаа мэдэгдсэн байна. Халдлага үйлдэгчид гүйлгээ хийх үед аюулгүй байдлын протоколуудыг ашиглаж, үл мэдэгдэх
хаяг руу цахим валютыг шилжүүлсэн байна.
Лхагва
гарагт АНУ-ын Засгийн газар уг хэрэгт Пёньяныг буруутгажээ. “Bybit криптовалютын биржээс ойролцоогоор 1.5 тэрбум
ам.долларын виртуал хөрөнгийг хулгайлсан хэрэгт Умард Солонгосын тал хариуцлага хүлээх ёстой” гэж ХМТ-ны мэдэгдэлд дурджээ.
Тус товчооны мэдээлснээр, хулгайн гэмт хэргийг “TraderTraitor” буюу Лазарус групп гэгддэг бүлэглэл зохион байгуулан үйлджээ. Тэд “маш хурдан шуурхай ажиллаж байгаа бөгөөд хулгайлагдсан хөрөнгийн заримыг биткоин болон олон бусад цахим валютад шилжүүлсэн байна.
“Эдгээр хөрөнгийг цаашид угааж, эцэст нь мөнгөн тэмдэгт болгон хөрвүүлэх төлөвтэй байна” гэж ХМТ мэдэгджээ. Лазарус групп 10 жилийн өмнө Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уныг элэглэсэн “Ярилцлага” киног дэлгэцэнд гаргасан “Sony Pictures”-ээс өшөө авахын тулд тус компанийг хакердсан хэрэгт холбогдож байв.
Уг бүлэглэлийг
2022 онд “Ronin Network” сүлжээнээс 620
сая ам.долларын эфириум болон USD коин хулгайлсан хэргийн ард байсан гэж
таамаглаж байгаа бөгөөд энэ нь түүхэн дэх хамгийн том крипто хулгайд тооцогдож байсан юм. Мөн өнгөрсөн 12 дугаар сард Японд төвтэй “DMM Bitcoin” биржээс 300 сая
гаруй ам.долларын үнэ бүхий
криптовалют хулгайлсан гэж АНУ, Японы тусгай албаныхан үзэж байна.
Умард Солонгосын кибер
дайны хөтөлбөр нь 1990-ээд оны дунд үеэс эхлэлтэй бөгөөд нэгэн кибер
аюулгүй байдлын фирм тус улсыг “Дэлхийн хамгийн том кибер хулгайч” хэмээн нэрлэжээ. 2020 оны АНУ-ын цэргийн тайланд дурдсанаар, Пёньяны хөтөлбөр нь хэд хэдэн улсаас нэгэн зэрэг үйл ажиллагаа явуулдаг “121 дүгээр товчоо”
гэгдэх 6000 хүний бүрэлдэхүүнтэй кибер анги болж өргөжсөн байна.