Даатгалын хураамжийн орлого 480 тэрбум төгрөг болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2025-03-01 11:05:57

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Даатгалын хураамжийн орлого 2024 онд 480.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос 88.7 (22.6 хувь)  тэрбум төгрөгөөр нэмэгджээ.


Үүнд хөрөнгийн даатгал 41.5 (47.5 хувь) тэрбум, авто тээврийн хэрэгслийн даатгал 40.6 (43.2 хувь) тэрбум, гэнэтийн осол, эмчилгээний даатгал 19.1 (33.9 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.


Хураамжийн орлогын 87.6 хувийг сайн дурын, 11.5 хувийг албан журмын, 0.9 хувийг урт хугацааны буюу амьдралын даатгал эзэлж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Даатгалын хураамжийн орлого 2024 оны 4 дүгээр улиралд 80.4 тэрбум төгрөгт болж, өмнөх оны мөн үеийнхээс 28.1 (25.9 хувь) тэрбум, өмнөх улирлынхаас 97.9 (54.9 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ.


Даатгалын нөхөн төлбөр өнгөрсөн онд 160.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос 39.5 (32.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд амьтдын даатгал 9.7 (3.8 дахин) тэрбум, авто тээврийн хэрэгслийн даатгал 8.4 (23 хувь) тэрбум, гэнэтийн осол, эмчилгээний даатгал 5.2 (24 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Нөхөн төлбөрийн 71.2 хувийг сайн дурын, 27.5 хувийг албан журмын, 1.3 хувийг урт хугацааны буюу амьдралын даатгал эзэлж байв. Даатгалын нөхөн төлбөрт өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 47.2 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 8.5 (21.9) тэрбум, өмнөх улирлынхаас 4.1 (9.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 

Related news