ХОВД: Хөдөлмөрийн баатар Д.Цэндсүрэнд хүндэтгэл илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-03-06 10:10:54

Жаргалант, 2025 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярыг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар улсын тэргүүний “Үр жимс” хоршооны тэргүүн Д.Цэндсүрэнд Хөдөлмөрийн баатар цол олгосон юм. 


Тэрбээр энэ сарын 4-нд Ховд нутагтаа хүрэлцэн ирэхэд орон нутгийн удирдлагууд, байгаль орчны салбарынхан, гэр бүлийн төлөөлөл угтан авч, хүндэтгэл илэрхийлэв.

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Цэндсүрэн ой, жимс жимсгэнийн чиглэлээр олон жил ажиллаж, мод үржүүлгийн газар болон ойн зурвас байгуулж, хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хөрсний доройтлыг бууруулахад хувь нэмэр оруулж буй. 


Үүний үр дүнд Д.Цэндсүрэн байгаль орчны салбараас тодорч буй анхны эмэгтэй Хөдөлмөрийн баатар цолтон болж байна. 


Д.Цэндсүрэн өмнө нь иргэдийг "Хог биш мод тарья" хөдөлгөөнд нэгдэхийг уриалж, олон бүтээлч ажил өрнүүлсэн юм. 


Онцлоход, Ховд аймгийн Жаргалант сумын “Үр жимс” хоршоо 1999 оны гуравдугаар сард байгуулагдсан. Одоо 30 гаруй гишүүнтэй, бас мэргэшсэн ажилтнууд бий. 

Тус хоршоо нь мод үржүүлэг, ойжуулалт, жимс жимсгэнэ тариалалт хийж, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ба улиас, бургас, хайлаас, шар хуайс, чацарганын модыг Улаанбаатар хот болон зэргэлдээ аймаг, сумын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад захиалгаар нийлүүлж буй. Мөн бүтээгдэхүүнээ үзэсгэлэн худалдаанд оролцож борлуулдаг. 

  

Related news