ТӨВ: Бүрэн тохижуулсан химийн лаборатори үйл ажиллагаагаа явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-03-06 18:10:18

Зуунмод, 2025 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуульд лабораторийн чиглэлээр бүрэн тохижуулсан “Химийн кабинет” үйл ажиллагаагаа явуулж байна.


Тус танхимыг Эрдэнэ сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан “Грийн химистри” ХХК 2024 онд тохижуулж өгчээ.


Энэхүү танхимыг химийн хичээлийг сонгон судлах сонирхолтой сурагчид болон цаашид химийн хичээлийг илүү таниулах, олон залуу эрдэмтэд, эмч нарыг бэлтгэх зорилготойгоор байгуулсан. Кабинетыг 35 сая төгрөгийн үнэ бүхий лабораторийн тавилга, тоног төхөөрөмжөөр тохижуулсан бөгөөд шаардлагатай шил сав, туслах хэрэглэгдэхүүн, бодис урвалжаар бүрэн хангасан байна.  


Химийн кабинет нээлтээ хийснээр “Шинжлэх ухааны бяцхан шидтэнүүд” өдөрлөгийг зохион байгуулж эхэлжээ. Тус өдөрлөг нь багш, сурагчдын дунд олон төрлийн туршилт, химийн хичээлийг танин мэдэх зорилготой юм.


Төв аймгийн Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургууль нь энэ хичээлийн жилд 670 гаруй сурагчтай, нэг ээлжээр хичээллэж байна. Төв аймгийн зүүн бүсийн 12 жилийн сургалттай бүрэн дунд сургууль учраас ахлах ангийн хүүхдүүд их байдаг .

 

Related news