ДОРНОД: Хөлөнбуйр суманд асаж байсан түймрийг цурамд оруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд асаж байсан түймрийг 01.30 цагт цурамд оруулжээ.
Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас гарсан энэ түймэр хэд хэдэн сумын нутаг дамжин 80 км урт, 20 км өргөнтэйгээр асаж, унтраахад хүндрэлтэй байсан юм. Бүсийн төв Онцгой байдлын газрын дарга хурандаа Г.Нармандахаар ахлуулсан гурван бүлэг, Хэнтий аймгийн Бэрх тосгоны Онцгой байдлын нэг бүлэг, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суман дахь Эрэн хайх аврах бүлэг, Сэргэлэн, Булган, Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын мэргэжлийн бүлгүүдээс бүрдсэн 250 орчим хүн дээрх түймэрт ажиллажээ. Урьдчилсан байдлаар Хөлөнбуйр сумын арав гаруй айл, 20 гаруй айлын хашаа, хоёр авто машин, олон айлын мал шатсан гэсэн мэдээтэй байна.
Түүнчлэн Матадын нутагт Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаанаас орж ирсэн түймрийг цурамд оруулаад байна. Түймрийг унтраахаар Онцгой байдлын газрын хоёр бүлэг, Эрдэнэцагаан сумын Онцгой байдлын анги
болон Халхгол, Матад сум, Газрын тосны 19-р талбайгаас мэргэжлийн бүлгүүдийн 260 гаруй хүн ажиллаж байна гэж мэдээлэв. Матад суманд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат газар дээр нь ажиллаж, удирдлагаар
хангаж байна.