Цэргийн багт автомашин гардууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-03-10 17:11:17

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Цэргийн багийн үүрэг гүйцэтгэлтийг амжилттай үргэлжлүүлэх бэлэн байдлыг дээшлүүлэх техникийн шинэчлэлийг хийх ажлын эхлэлийг тавьж Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн мотобуудлагын батальонд 14 нэгж техникийг хүлээлгэн өглөө.


Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба тэргүүтэй ажлын хэсэг энэ сарын 7-10-нд  БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын "UNMISS" энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй XIV ээлжийн мотобуудлагын батальоны үйл ажиллагаа, үүрэг гүйцэтгэлтэй нь танилцлаа.


НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 850 хүнтэй мотобуудлагын батальон 14 дэх жилдээ оролцож байгаа аж.Монгол Улсын батлан хамгаалах яам 14 нэгж автомашиныг газар орон дээрээс нь албан ёсны диллерээс худалдан авсанаа салбарын удирдлагууд  гардуулжээ.


“Батлан хамгаалахын сэргэлтийн бодлого”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Цэнхэр дуулга, Хар сүлд-Бүтээн байгуулалт”-ын хүрээнд энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний оролцоог гурав дахин нэмэгдүүлж, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлнэ” гэсэн томоохон зорилтыг тусгасан.


Тус зорилтын хүрээнд “НҮБ-ын энхийн ажиллагааны бэлэн байдлын систем”-ийн хоёрдугаар түвшинд бүртгэлтэй байгаа цэргийн багуудыг дараагийн түвшинд бүртгүүлэх, ажиллагаанд шинээр оролцуулах, мөн мотобуудлагын батальоны зэвсэг, техник, хэрэгслийг шинэчлэх, сэргээн сайжруулах ажлыг эрчимжүүлж, шаардагдах төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх боломж, гарц шийдлийг тодорхойлон, зарим асуудлыг шийдвэрлэж байгаа нь энэ ажлын бодит үр дүн юм.


Мотобуудлагын батальон хамгийн сүүлд 2022 онд 34 нэгж техникээр парк шинэчлэл хийж байжээ. Харин энэ удаад нийт 73 нэгж техникийг шинэчилж сэргээн сайжруулах ажил хэрэгжих аж.

 


Related news