“Баянхошуу орон сууцжуулалт” төслийн эхний шатанд 462 айлын орон сууц барьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-04 17:29:21

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Баянхошуу дэд төвийг орон сууцжуулах төслийг эхлүүлээд буй. Энэ хүрээнд Нийслэлийн орон сууцны корпорациас “Баянхошуу орон сууцжуулалт” төслийг хэрэгжүүлж байна.


Нийслэлийн ЗДТГ-ын мэдээлснээр, энэхүү төсөл нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон төсөл юм. Нийт 60 орчим га талбайд хоёр үе шаттай хэрэгжүүлэх юм. Төслийн хүрээнд хоёр байршилд нийт 5000 айлын орон сууц барихаар төлөвлөжээ. Үүнд, Баянхошууны 41.3 га талбайд нийт 2816 айлын орон сууц, Шархадны 19.2 га талбайд 2184 айлын орон сууц барих юм.


Энэхүү төслийг Улаанбаатар хотыг олон төвт хот болгох ажлын хүрээнд хэрэгжүүлж байгаа юм.  


Баянхошуу дэд төвийн I шатанд нийт 462 айлын орон сууц барьж байна. Одоогоор B15 талбарт барьж буй 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил 98 хувьтай, улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж буй. B13-1 талбарт 150, B13-2 талбарт 76 айлын орон сууцны барилга угсралтын ажил 70 гаруй хувьтай, нийт ажлын гүйцэтгэл 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ. Харин хамгийн сүүлд эхэлсэн B13-3 талбарт 126 айлын орон сууцны гүйцэтгэгчийн ажлын сонгон шалгаруулалт хийж байна.


Уг төслийн хүрээнд орчны тохижилт, ногоон байгууламж болон инженерийн дэд бүтцийн ажлыг хийнэ. Мөн дэд бүтцийн ажлын гүйцэтгэл 90 хувьтай, гадна тохижилтын ажил 19 хувьтай үргэлжилж байна.


Related news