ЗАВХАН: Мод тарих, цэцэрлэгжүүлэлт хийх иргэдийг дэмжсэн нь бодит үр дүн өгч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймгийн төв, Улиастай сум энэ хавар тарих 5600 гаруй тарьцыг бойжуулж байна.
Тус сум "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж жилд 2500-3500 мод тарьж ургуулах зорилготой.
Мөн онд аймгийн төвийн цэцэрлэгт хүрээлэнд арц мод тарих газрын байршлыг тогтоож, 100 ширхэг арц модны суупгацыг энэ жил суулгах юм. Өнгөрсөн жил Улиастай сум 21600 ширхэг 7 төрлийн мод тарьж суулгасан. Өнгөрсөн жилийн тарьсан модны амьдралтын хувь нь 85-90 хувьтай байна.
Улиастай сумын төрийн болон хувийн аж ахуйн нэгж, байгууллага бүр өөрийн эзэмшиж байгаа газрынхаа 10 хувийг нь ногоон байгууламж болгож, мод тарьсан байна. Хавар, намрын мод тарих хөдөлгөөнд иргэд идэвхтэй оролцож, голын ай сав дагуу жил бүр мод тарьж ургуулж байгаа болохоор модны усалгаа сайн, арчилгаа сайн байна.
Жил бүр өрх бүрийг хашаандаа мод тарьцгаая уриалгатай аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд иргэдэд тарьц суулгацыг үнэгүй тараан өгч, тарьж ургуулах гэрээ байгуулж мод тарих аяныг идэвхтэй өрнүүлж байна.
Улиастайд ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг нэмэх зорилгоор мандлын 4000 ширхэг цэцгийн үрсэлгээг жил бүр тарьж ургуулж байна.
Тухайн жилд хотын өнгө үзэмж, тохижилтын ажилд зориулан цэцгийн үрсэлгээг бойжуулж бэлтгэдэг.
Тухайлбал зориулалтын гэрэл тавиураар тохижуулсан өрөөнд жил бүр тарих мандлын 2500-3000 орчим ширхэг цэцгийн үрсэлгээг бойжуулан ургалтын үеийн арчилгааг хийдэг.
"Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж бодит үр дүн гаргаж байгаа сумын иргэд, аж ахуйн нэгжүүдийг урамшуулж байна.
Ингэснээр жил бүр мод тарих, цэцэрлэгжүүлэлт хийх, арчлах, хамгаалах иргэдийн тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай гэж Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв.