ДАРХАН-УУЛ: Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах талаар аймгийн төлөөллүүд санал солилцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-03-11 16:11:46

Дархан, 2025 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төвтэй хамтран "Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээний төлөвлөгөө”-ний төсөлтэй танилцах, туршлага солилцох салбар форум”-ыг Дархан-Уул аймагт зохион байгуулж байна.


Уур амьсгалын ногоон сан нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хүрээнд байгуулсан шинэ төрлийн санхүүжилтийн механизм. Уг санхүүжилтийн механизм нь хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагааг хөгжингүй орнуудаас хөгжиж буй орнуудад хөрөнгө оруулж санхүүжүүлэх зорилготой юм.


Энэ удаагийн форумаар аймгууд өөрсдийн боловсруулсан төлөвлөгөөний төслийг танилцуулж, сайн туршлага, тулгамдаж буй асуудлуудаа хуваалцах, төлөвлөгөөний төслөө хамтран сайжруулах, цаашид хэрэгжилтийг хангахад хамтран ажиллах боломжийн талаар санал солилцох юм.




Салбар форумд Дархан-Уул, Говьсүмбэр, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн 60 гаруй албан хаагч оролцож байна.

Мэргэжлийн байгууллагаас хийсэн судалгаагаар улсын хэмжээнд тус салбарын албан хаагчдын уур амьсгалын талаарх мэдлэг мэдээлэл хангалттай сайн ч нарийвчилсан техникийн мэдээлэл дутмаг байна гэжээ. Харин судалгааны дүнгээр орон нутгаас Дархан-Уул аймаг сайнаар үнэлэгджээ.


Дархан-Уул аймаг 2023, 2024 онд БОАЖ-ын сайд, аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээнд "Уур амьсгалыг өөрчлөлтөд дасан зохицох, сааруулах төлөвлөгөө"-г урьдчилсан байдлаар хоёр бүлэг, 15 зорилт, 115 арга хэмжээтэйгээр боловсруулж, ИТХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.




Аймгийн хэмжээнд 2024 оны байдлаар 1.323.9 мян.тн хүлэмжийн хий үүсгэжээ. Үүнээс эрчим хүчний үйлдвэрлэлээс 953.2 мян.тн буюу 87,1 хувь, айл, өрхөөс 39.99 мян, тн 3.66 хувь ,барилга 36.70 мян. тн буюу 3.36 хувь, зам тээвэр 4.77 мян. тн буюу 0.44 хувь хөдөө аж ахуй /мал аж ахуй/ 30.83 мян.тн буюу 2.82 хувь, хог хаягдлын салбар 28.06 мян.тн буюу 2.57 хувийг эзэлж байна.


Үүнтэй уялдуулан Дархан-Уул аймаг хүлэмжийн хийг сааруулахад эрчим хүч, дэд бүтэц, үйлдвэрийн газар, хог хаягдал, хөдөө аж ахуйн салбарт шинэ дэвшилтэт технологи, ногоон технологи нэвтрүүлэх, түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзаж сэргээгдэх эрчим хүчийг түлхүү хэрэглэх, инновац нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн.




Мөн сүүлийн жилүүдэд хүлэмжийн хийг бууруулах чиглэлд олон ажлыг үе шаттайгаар хийж эхэлсэн. Тухайлбал шаардлага хангахгүй уурын зуухнуудыг буулгах, авто машины яндангаас ялгарч буй хүлэмжийн хийн стандарт нэвтрүүлэх, “Ногоон дархан-2032” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.


Related news