Албанид “TikTok”-ыг хоригложээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТИРАНА, 2025 оны гуравдугаар сарын 13 /DW/. Албани улсад “TikTok” нийгмийн сүлжээг өнөөдрөөс эхлэн нэг жилийн турш хаахаар шийдвэрлэжээ. Хятадын компанийн эзэмшдэг уг платформ Балканы энэ улсад ойролцоогоор 1.5 сая хэрэглэгчтэй юм.
Албанийн Цахилгаан, шуудан холбооны газар бүх интернет үйлчилгээ үзүүлэгчдийн уг аппликейшний серверт нэвтрэх эрхийг хааж, бичгээр мэдэгдсэн байна.
Ийнхүү хориглох гэж байгаа талаар Ерөнхий сайд Эди Рама анх 12 дугаар сард мэдэгдсэн юм. Уг платформ дээр өсвөр насны хүүхдүүд хоорондоо муудалцаж, 14 настай хүүхэд нас барж, өөр нэг нь хүнд гэмтсэний дараа ийм шийдвэр гаргажээ. Уг хэрэг явдал нь Тик Ток Албанийн залуучуудад хэрхэн нөлөөлж буй талаар олон нийтийн хэлэлцүүлэг өрнөхөд хүргэсэн байна.
Харин сөрөг хүчний намууд хоригийг эсэргүүцэж, сонгуулийн сурталчилгаагаа уг
аппликейшн дээр голчлон явуулдаг
гэж мэдэгджээ. Ирэх тавдугаар сард парламентын
сонгууль болох тул хориг тавьж буй хугацаа
нь зарим хүмүүст эргэлзээ дургүйцэл төрүүлж байна.
“TikTok”-ыг өөр хаана хориглосон бэ?
Албани бол уг платформыг
бүхэлд нь хаасан Европын анхны улс болж байна. Гэхдээ удахгүй бусад улс орон үүнтэй ижил шийдвэр гаргаж магадгүй байна.
Тухайлбал, Румыний эрх
баригчид “TikTok”-ыг хориглохыг уриалж байгаа аж. Уг
аппликейшн нь өнгөрсөн онд болсон сонгуулийн үеэр хэт барууны үзэлт нэр дэвшигч гэнэтийн ялалт байгуулахад нь тус болсон гэж үзэж байгаа юм.
Бусад хэд хэдэн улс дээрхтэй төстэй шийдвэр гаргасан
байна. Тухайлбал, 2020 онд Энэтхэг улс үндэсний аюулгүй байдлын үүднээс “TikTok”-ыг хориглосон юм. Мөн өнгөрсөн онд Австрали улс 16-аас доош насны хүүхдүүдийг “TikTok” зэрэг олон нийтийн сүлжээнд нэвтрэхийг хориглосон билээ. Харин Францын хилийн
чанад дахь нутаг дэвсгэр
болох Шинэ Каледонид уг платформыг түр хугацаагаар
хаажээ.