ТӨВ: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх хөнгөлөлттэй зээлийн 16,7 тэрбум төгрөгийн хүсэлт өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих ажлын хүрээнд Төв аймагт хуваарилсан 8 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй 111 аж ахуйн нэгжийн 16,7 тэрбум төгрөгийн хүсэлтийг цахимаар хүлээн авчээ.
Аж ахуйн нэгжийн материалыг 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 8.30 цаг хүртэл хүлээн авсан. Зээл олгохтой холбогдуулан аж ахуйн нэгж, иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран сургалтуудыг зохион байгуулсан байна.
Тухайлбал, 1 удаагийн танхим, 2 удаагийн цахим мөн 27 сумын хэмжээнд 25 удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт танхимаар 498, цахимаар 73 иргэн, аж ахуйн нэгж, хоршоодыг мэдээллээр хангаж 600 ширхэг гарын авлага тараажээ.
Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгаас зээлийн цахим системд нийт 319 аж ахуйн нэгж 48,8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтээ баталгаажуулан ирүүлсэн. Үүнээс шаардлага хангасан нийт 143 зээлийн хүсэлтийг хоёрдугаар шат буюу нарийвчилсан судалгааны шатанд шилжүүлж, тухайн төсөл хэрэгжүүлэгчийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж үнэлгээ хийж эхэлсэн байна.