ӨВӨРХАНГАЙ: Мэс заслын тусламж үйлчилгээг 3121 хүнд хүргэснээс 120 нь бусад аймгийн иргэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-03-21 07:53:42

Арвайхээр, 2025 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2024 оны үйл ажиллагааны тайланг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.


Тус эмнэлгийн дөрвөн клиник, 34 тасаг, албад 119 их эмч, үндсэн болон туслах 201 сувилагч, 19 эх баригч, 27 эмнэлгийн мэргэжилтэн, 7 эм зүйч, бусад 108 ажилтан ажиллаж байна.


БОЭТ-өөс бүсийн хэмжээнд төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх, гэмтэл, мэс заслын шинэ эмчилгээ, сувилгааг нэвтрүүлэхэд онцгой анхаарч байна. Энэ хүрээнд өнгөрсөн жил ангиографийн тусламж үйлчилгээг 413, дурангийн мэс заслыг 454, толгой, хүзүүний хавдрын мэс заслыг 136, гэмтлийн тусламж үйлчилгээг 470 хүнд хүргэжээ.


Мөн бамбай булчирхайн хатгалтын шинжилгээ, уян болор суулгах мэс засал, умайн хүзүүний PCR шинжилгээ, хэвлийн хөндийн мэс засал, хүүхдийн тархины цахилгаан бичлэг, нярайн скринингийн тусламж зэргийг нэвтрүүлээд байгаа юм. 2024 онд бүсийн хэмжээнд яаралтай тусламжийг 958 хүнд хүргэсэн бол эрт илрүүлэгт 4100 хүн хамрагдаад байна.


Амбулаториор 212307 хүн эмчид үзүүлж, 12706 хүн хэвтэн эмчлүүлж, 3121 хүн мэс заслын тусламж үйлчилгээ авснаас 120 нь бусад аймгийн харьяалал бүхий хүмүүс байв.


Иргэд, үйлчлүүлэгчдийн дунд судалгаа явуулахад амбулаторийн үзлэгийн цаг авахдаа ихэвчлэн утсаар ханддаг болсон, үйлчлүүлэгчид зориулсан гар халдваргүйжүүлэх бодисын хүртээмж хангалтгүй, амбулаторийн эмчийг 30-60 минут хүлээдэг гэх хариултыг өгчээ.


Цаашид төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд бүсийн хэмжээнд төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээний төрөл тоог нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна.


Related news