Айлчлалын байр суурь: Хоёр улсын парламентын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британ, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад энэ сарын 18-23-нд албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүдээс айлчлалын үр дүн, ач холбогдлыг хэрхэн дүгнэж байгаа талаарх байр суурийг сонирхлоо.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Дэлхийд данстай хоёр том их
сургуулиар цаг гарган орлоо
-Албан ёсны айлчлалыг хэрхэн дүгнэж байна вэ?
-УИХ-ын даргаар ахлуулсан
парламентад суудалтай улс төрийн намуудын төлөөлөл бүхий айлчлалын бүрэлдэхүүн
Англи улсад ажиллаж байна. Олон улстай, дипломат харилцаа тогтоосныхоо үр дүнд нийгэм,
улс төрийн хүрээнд хэрхэн, яаж хамтарч ажиллах вэ? Сүүлийн үед
геополитикийн тогтворгүй үед англи төвтэй европын улс орнууд
бас нэгэн хүчирхэг багана болж сүүлийн сарын хугацаанд идэвхтэй бодлого, үйл
ажиллагааг илэрхийлэх болсон. Айлчлалын онцлог нь Монгол Улс цаашид гадаад харилцаагаа аль салбарт хэрхэн гүнзгийрүүлж болох вэ гэдгээ чиглүүлсэн явдал. Мөн тус улсын
бахархал болсон дэлхийд данстай хоёр том их сургуулиар цаг гарган зочилсон нь маш
чухал юм.
-Яагаад чухлыг дэлгэрэнгүй тайлбарлавал?
-Оксфордын их сургуультай танилцаж, тус сургуулийн
ерөнхийлөгчтэй уулзлаа. Холбогдох судалгааныхантай уулзаж, төрийн байгуулалт,
эдийн засгийн чиглэлээр туршлага судлах, тодорхой сэдвээр хамтарч ажиллах
талаар яриа өрнүүлсэн. Мөн Кэмбрижийн
их сургуультай танилцсан. Тус сургуульд Монгол судалгааны төв байдаг тул бид
бүх чиглэлээр оюутан сургах, хамтарч судалгаа хийх боломжтой. Энд
монгол малыг дэлхийн зах зээлд гаргах, малын онцлогт тохирсон шинэ стандарт
нэвтрүүлж, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, байгаль экологитой холбоотой усны
асуудал болон усны сав газруудын нөөцийг нэмэх зэрэг бидний ирээдүй хойчийг
бодсон, өнөөгийн тулгамдсан асуудалд шийдэл болох судалгаа хийж байгаатай
танилцлаа.
-Mонгол судалгааны төвийн захиралтай уулзаж ярилцсан тухайгаа тодруулна уу?
-Энэ судалгааны төвийн захирал, профессор Дэвидтэй Боловсролын зээлийн сангийн дүрэм, журам, хуульд өөрчлөлт оруулж, зочин
судлаачийн тоо, төсвийг нь нэмж, оюутан залуусаа монголынхоо хөгжлийн
бодлоготой уялдуулж сургах тухай ярьсан. Үүнийг ярилцаад өнгөрөх бус ажил хэрэг
болгож, хамтын ажиллагааг эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
-Ажил хэрэг болгоход та бүхний оролцоо, хамтын ажиллагаа чухал
байх, тийм үү?
-Англид ажиллаж, амьдарч, сурч буй оюутан, залуусын
уулзалтыг Оксфордын их сургуульд тавдугаар сарын 17-нд зохион байгуулна. Би УИХ-ыг төлөөлж ирнэ. Энд сурч,
ажиллаж буй оюутан, залуус “Эх орныхоо хөгжилд хэрхэн, яаж хувь
нэмрээ оруулах вэ” гэж байна. Гэхдээ яаж гэдэг арга
замаа олдоггүй. Тэрхүү уулзалт маш үр дүнтэй болно гэж бодож байна.
Монголын чадварлаг олон залуу энэ улсад технологи, хиймэл
оюун, автоматжуулалт зэрэг шинжлэх ухааны бүх чиглэлээр сурч, ажиллаж
байна. Английн парламентад монгол залуу саяхныг хүртэл ажиллаж байж. Бид
тэдэнтэй яаж хамтарч ажиллаж, тэдний хүсэл, саналыг төрийн бодлого
шийдвэрт хэрхэн тусгахыг бодож байна.
УИХ-ын гишүүн, Монгол-Английн Парламентын бүлгийн дарга
Ч.Ундрам: Оксфордын их сургуульд Монгол судлалын төв, МУИС-д англи хэлний төв
байгуулах талаар хөндлөө
-Та Монгол-Английн парламентын бүлгийн даргаар 2020 оноос ажилласны
хувьд айлчлалын ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Анх хоёр улсын парламентын найрамдлын бүлгийг хариуцаад тус
улсад очих үед дэлхий нийтэд цар тахал дэгдсэнээс тулгамдсан асуудал ихтэй,
хоёр талын найрамдалт харилцаа суларсан байсан. Харин өнөөдөр хоёр улсын хамтын
ажиллагаа шат, шатанд нягтарч байна гэж дүгнэлээ.
Манай УИХ, Засгийн газар харилцаагаа бэхжүүлж, өргөжүүлэхэд анхаарсан
төдийгүй нийслэлийн түвшинд ч зохих уулзалтууд хийжээ. Тухайлбал, метро барих талаар
Улаанбаатар хотын Захирагчийн албанаас зөвлөгөө авсан. Мөн Британийн
Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойлын урилгаар УИХ-ын дарга анх удаа албан
ёсоор айлчлан, Оксфорд, Кембрижийн
их сургуульд зочилж, удирдлагууд, эрдэмтэн судлаачидтай уулзлаа. Энд боловсон хүчнээ бэлтгэх, ялангуяа барилга, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч,
мэдээллийн технологи зэрэг салбарт хамтарч ажиллах тухай ярилцлаа. Энд байгаа
судлаачдынхаа тоог нэмэх саналыг ч тавьсан. Оксфордын их
сургуульд Монгол судлалын төв байгуулах тухай ярилцав. МУИС-д тус улсаас
Англи хэлний төв байгуулахаар шийдлээ. Манай улсын ерөнхий боловсролын
сургуулиудад "Pearson" хөтөлбөрийг гуравдугаар ангиас хэрэгжүүлж,
англи хэл зааж эхэлсэн. Хүүхдүүд маань бүс харгалзахгүй эдгээр их
сургуулиудад сурах ирээдүй бий. Хоёр улс шинжлэх ухааны чиглэлээр
харилцаагаа өргөжүүлэх боломжтой юм.
-Монгол-Английн Парламентын бүлгийн хамтын ажиллагааг хэрхэн
төсөөлж байна вэ?
-Их Британи,
Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад өнгөрсөн жил парламентын сонгууль болж, шинэ
гишүүдтэй болсон. Тиймээс Британи дахь парламентын бүлгийг шинэчлэн байгуулах
тухай ярилцлаа. Хоёр улсын парламентын гишүүд хамтран ажилласнаар цаашид аль
салбарт хамтын ажиллагаагаа түлхүү өргөжүүлэхийг тодорхойлж, илүү нээлттэй
болно гэсэн үг.
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга
Р.Сэддорж: Хоёр улсын парламентын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байна
-УИХ-ын даргаар ахлуулсан албан ёсны айлчлал өндөрлөх гэж
байна. Айлчлалын үр дүн юу байв?
-Өнө эртний түүхтэй Англи улс бол хаант засаглалтай
орон. Дэлхийн том гүрэнд УИХ-ын дарга айлчилж байгаа нь туйлын чухал. Хоёр
улсын парламентын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байна. Үүгээр дамжаад манай
улсын гадаад нэр хүнд өсөх ач холбогдолтой. Энэ удаагийн айлчлалаар Монгол
Улсын шинжлэх ухааны салбарт ахиц болохуйц, боловсролын салбарт хамтын
ажиллагааг өргөжүүлэх буюу чансаагаараа дэлхийн эхний 10-т эрэмбэлэгддэг топ
хоёр их сургуульд зочилж, орчин үеийн судалгааны төвүүд, монголч эрдэмтэдтэй
уулзсан нь ач холбогдолтой.
Түүнчлэн манай улсаас судалгаа хийж буй цөөн боловч эрдэмтэн,
оюутантай уулзлаа. Мөн Оксфордын их сургуулийн Газар зүй, байгаль орчны
сургуулиас 7 дахь удаагаа зохион байгуулсан Говь цөлөрхөг нутагт амьдарч буй
улс орнуудын иргэдийн ахуй амьдралыг судалдаг судлаачдын олон улсын бага
хуралд оролцон, монгол судлаачидтай уулзаж, судалгаатай нь танилцсан. УИХ-ын
дарга тус улсад айлчлах үеэр тус хурлыг зохион байгуулсан нь онцлог байлаа.
Эцэст нь хэлэхэд айлчлалын хүрээнд Монгол Улсад инноваци, технологи
нутагшуулах, цаашлаад шинжлэх ухаанаар дамжаад манай улсын хөгжил дэвшилд
үнэтэй хувь нэмэр оруулахуйц уулзалтууд зохион байгуулсан нь ихээхэн ач
холбогдолтой хэмээснийг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар мэдээлжээ.