СҮХБААТАР: “Мөнгөний 7 хоног” аян ирэх сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-03-24 19:23:20

Баруун-Урт, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Жил бүрийн 3 дугаар сарын сүүлийн 7 хоногт болдог дэлхийн мөнгөний 7 хоног аян орон даяар "Санхүүгийн зөв шийдвэр маргаашийн амжилтын эхлэл" уриан дор болж байна. Тус аяны нээлт өнөөдөр Баруун-Урт суманд боллоо.


 

Сүхбаатар аймаг иргэдийн хадгаламжийн хэмжээгээр улсад эхний тавд, чанаргүй зээлийн хэмжээгээр хоёрдугаарт буюу маш бага түвшинд гэж эрэмбэлэгдэж байгаа нь иргэдийн санхүүгийн боловсролын түвшнийг илтгэх нэг үзүүлэлт гэдгийг Монгол банкны захирал А.Хүрэлтогоо хэллээ. Цаашид цахим залилангаас урьдчилан сэргийлэх, хүүхэд залуусын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай. Энэ ажлын төлөвлөгөөгөө ч боловсруулсан тухайгаа онцоллоо.

 

Ирэх сарын 10-ныг хүртэл үргэлжлэх тус аяныг аймгийн ЗДТГ,  Цагдаагийн газар, Монгол банкны Сүхбаатар аймаг дахь салбар, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй банкны салбарууд хамтран өрнүүлнэ. Энэ хүрээнд ЕБС-ийн сурагчдад аяны талаар болон санхүүгийн боловсрол олгох чиглэлээр мэдээлэл өгч, банк тус бүр өөрсдийн үйл ажиллагааг танилцууллаа.

 

Энэхүү аян нь хүүхэд, залуусыг багаас нь санхүүгийн мэдлэгтэй болгох, санхүүгийн зөв шийдвэр гаргахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгодгоороо онцлогтой.

 

Related news