Морин хуураар дамжуулан монголчуудын үзэл санаа, оюун сэтгэлгээг дэлхийд дархлах боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын үүсэл, хөгжил, өв соёл” эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордонд өнөөдөр зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ, морин хуур бол хүн төрөлхтний соёлын нандин өв, монгол үндэстний хөгжмийн урлагийн ноён оргил, монголчуудын ахуй, сэтгэлгээний онцлогийг бүрэн илэрхийлдэг хөгжмийн зэмсэг гэдгийг тэмдэглэв. Морин хуур нь үүссэн цагаасаа эхлэн монголчуудын дуу хуур, бүжиг наадам, ардын баяр цэнгэлд голлох байрыг эзэлж ирсэн бөгөөд монгол ардын уртын дуу, үлгэр тууль, ардын бий, биелгээг морин хуургүйгээр төсөөлөхийн аргагүй байдаг нь үүний нотолгоо мөн хэмээн онцоллоо. Иймд монгол үндэстний хөгжмийн зэмсэг, морин хуурыг уламжлан хөгжүүлэхэд төр засгаас анхаарч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны наймдугаар сарын 27-ны өдрийн 183 дугаар зарлигаар морин хуурыг “Үндэсний хөгжмийн зэмсэг” болохыг зарлаж, улмаар 2008 оны арваннэгдүгээр сард “Уламжлалт морин хуур хөгжмийн урлаг” нь ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны хоёрдугаар сарын 1-нд “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргаж, Ерөнхий боловсролын сургуулиуд, дотоод гадаад дахь соёлын төвүүдэд морин хуурын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлэх, морин хуур хөгжмийн зэмсгийн үйлдвэрлэл урлалыг дэмжин хөгжүүлэх, монгол айл өрх бүр морин хуурыг эгшиглүүлэн, үр хойчдоо өвлүүлэн сургаж, үндэсний урлаг, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах, Морин хуурын олон улсын наадмыг тогтмол хугацаанд зохион байгуулж байх талаар чиглэл өгсөн билээ. Түүнчлэн морин хуурыг түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлохоор 2024 оны тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Морин хуурын анхдугаар чуулганыг зохион байгуулж, морин хуур хөгжмийг хөгжүүлэх, зааж сургах, үйлдвэрлэх хүний нөөц, материаллаг баазыг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээг нь дэмжин хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах зэрэг ажлыг хэрэгжүүлэх талаар төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж эхлээд байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хэлсэн үгэндээ дурдлаа.
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, профессор, доктор
Л.Эрдэнэчимэг энэ үеэр хэлэхдээ, морин хуурыг Хүннүгийн үеэс эхтэй хэмээн үздэг
байсан бол сүүлийн үед олдож буй олдворуудад үндэслэж эрдэмтэд Хүннүгээс ч өмнөх үед хамааралтай хэмээн бичих болсныг тэмдэглэсэн юм. Морин хуур хөгжмийн хөгжлийн тухайд тэрбээр “Хялгасаар
урладаг уг хөгжим нь дундад зууны үе гэхэд ордны хөгжим болж хувирсан бол XVII зууны үед бичиг үсэггүйчүүд хүн амын олонхыг эзэлж байсан тул ардын
дуунд түшиглэн хөгжиж байсан. Улмаар XVIII, XIX зууны үед цөөхүүл хөгжим дэлгэрсэн
нь морин хуурыг театрын тайзан дээр гаргаж ирэх үндэс болсон. Улмаар Бөмбөгөр ногоон
театрт найрал хөгжмийг хөгжүүлэхэд морин хуурын нөлөө маш их орсон. Учир нь морин
хуурын хөгөөр найрал хөгжим хөглөгддөг учиртай. Орчин үед морин хуурыг ширэн цартайгаас модон цартай урлах болсон. Ингэснээр дуугаралтын хувьд хөг
буухгүй, дуурьсал нь илүү тансаг болж хувирсан. Нөгөөтээгүүр Европын сонгодог
зохиол бүтээлүүдийг морин хуураар хөгжимдөхөд илүү дөт болгосон” гэсэн тайлбарыг
өгсөн юм.
ӨМӨЗО-ы Морин хуурын их багш, соён гэгээрүүлэгч, соёлын
өвийг өвлөн уламжлагч Чи Булаг “БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийнгол аймгийн Ажил
мэргэжлийн дээд сургуулийн харьяа Чи булагийн олон улсын морин хуурын сургуулийг
2011 онд байгуулсан. Сургууль байгуулсны цаад учир нь гэвэл, их эзэн Чингис
хаан дэлхийг эзлэх аян дайныхаа үеэр энд тэнд олон монголчуудыг үлдээсэн байдаг. Тэдгээр
монголчууд элэг нэгтнүүдтэйгээ ойр ойрхон уулзаж байя гэвч зам хол, чадал хүрэхгүй.
Тиймийн учир монгол, тува, буриад, халимаг бүгдээр энэ сургуульд ирж, нэг дороо
сурч, уулзаж учирч байгаасай гэх үүднээс Өвөрмонголын Засгийн ордны Баатар даргын
удирдлага дор уг сургуулийг нээж байв. Сургууль байгуулагдаад 13 жилийн хугацаа
өнгөрсөн байна. Манай сургууль сургалтын төлбөр авдаггүй, суралцагсад амьдрах
зардлаа өөрсдөө даадаг. “Энэ жилээс элсэлтийн тоогоо нэмж болно” гэсэн чиглэл
ирсэн. Хүн эхээс мэндлэхдээ хөгжмийн нэг чавхдасаар дутуу төрдөг. Эрдэм номд
шамдсанаар ухааржин, оюун санаа нь тэлж, бие хүн болж төлөвшдөг гэж миний ээж
сургадаг байсан. Морин хуур бол ямар ч хүнийг бие хүн болгож төлөвшүүлдэг шидтэй
хөгжим. 2500 жилийн турш монголчуудтай цаг ямагт хамт явж ирсэн морин хуур
хөгжмөө сонссон ямар ч монгол хүн омогшихоос өөр аргагүй. Үндэсний омогшил
гэдэг бол алтнаас үнэтэй, чулуунаас хүнд, далайд хаялаа ч тунадаггүй, галд хийлээ
ч хайлдаггүй юм. Ганц олдох амьдралаа морин хуур, ардын урлагт зориулсан хүний
хувьд хэлэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх морин хуурыг эрхэмлэн
дээдэлж, түгээн дэлгэрүүлэх зарлиг гаргасанд туйлаас баяртай байна” хэмээв.
СУИС-ийн тэргүүлэх профессор, доктор Н.Жанцанноров, “Орчин цагийн морин хуур хөгжмийн сэргэлт бол 1980-аад оны төгсгөл үе юм. ЗХУ задарсан тэр үеийг үндэсний сэргэлтийн үе гэж хэлсэн ч болно. Энэ бол морин хуурын шинэ үе. Язгуурын монголчуудын оюун санааг тээж ирсэн, хойшид тээж явах түүчээлэгч нь зөвхөн морин хуурт л шингэсэн байдаг. Тиймээс 1989 онд Морин хуурын наадмыг бид анх удаа зохион байгууллаа. Нэг зуун найман хуурч нэг зэрэг хуурдах ямар байсан гээч. Ингэж л Ардын жүжигчин, хөгжмийн удирдаач, морин хуурч Ц.Батчулууны санаачилгаар Морин хуурын чуулгыг байгуулсан. Чуулга байгуулсан эхний он жилүүдэд морин хуурын тоглолт ард иргэдэд нэг их хүчтэй сэтгэгдэл төрүүлдэггүй байсан. Хөгжимчид нь залуухан, бүтээл ч ядуувтар байсан байх.
Одоо бол Морин хуурын чуулга хэнтэй ч “довтолгоон”-д ороход
бэлэн болсон байна. Уран сайхны бүтээлийн хувьд баяжиж, хөгжимчид ч дэлхийн
хэмжээний чадвар эзэмшсэн байна. Одоо бол дэлхийтэй өрсөлдөнө. Өрсөлдөнө
гэдэг нь ялна гэсэн үг биш, монголчуудын үзэл санаа, оюун сэтгэлгээг дэлхий
нийтэд дархална гэсэн үг. Морин хуур хөгжмийн хөгжлийн үе шатыг би төгөлдөр
хуур шиг, гитар шиг байх болов уу гэж хардаг. Өнөө цагт хэн нэгэн гитар
тоглолоо гэхэд испаничууд зохиосон хөгжим гэж боддоггүй. Түүн шиг морин хуурыг
дэлхий ертөнцийн бүх хүн төгс төгөлдөр хөгжмийн зэмсэг хэмээн хүлээн зөвшөөрч,
тоглодог байгаасай гэж боддог. Үүний тулд төр засгийн бодлогоороо тэр түвшинд
хүргэж чадна” гэсэн бодолтой явдгаа хэллээ.
Эрдэм шинжилгээний хурлаар “Хуурч болох зан үйлийн мета домог зүй”, “Морин хуурын гарал загварыг хадны зураг, тамга, бичээст чулуунаас тодруулах нь”, “Морин хуур монголчуудын ахуй сэтгэлгээний тусгал болох нь”, “Сурвалж бичиг, дурсгалт үйлс дэх морин хуурын ул мөр”, “Морин хуурын мэргэжлийн сургалт-Г.Жамъян”, “Морин хуурын нэрийг толь бичиг хөөн судлах асуудалд”, “Морин хуурын түүхэн тойм” зэрэг илтгэлийг хэлэлцүүлэв.