ЗАВХАН: Цөлжилтийг сааруулахад малчдын дэмжлэг, хандлага чухал
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Завхан аймаг цөлжилтийг сааруулах,
хөрсийг хамгаалах зорилгоор салбар дундын хамтын ажиллагаагаа сайжруулж байна.
Завхан аймгийн нийт газар нутгийн 59.3 хувь нь цөлжилтөд ямар нэгэн байдлаар өртсөн ба цөлжилтийн зэргээр үнэлэхэд сул зэрэглэлд нийт газар нутгийн 48.6 хувь, дунд зэрэглэлд 9.6 хувь, хүчтэй зэрэглэлд 1.1 хувь нь өртөөд байна.
Цөлжилтөд өртсөн
газрын сул зэрэглэлд 89.1 хувь, дунд зэрэглэлд 5.7 хувь, хүчтэй зэрэглэлд 0.6
хувь байна.
Цөлжилт, хөрсний
доройтол нь хүн болон байгалийн хүчин зүйлээс шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл, цөлжилт, газрын доройтлын
шалтгааны 51 хувь нь уур амьсгалын өөрчлөлт, 49 хувь нь хүний хүчин зүйлийн
нөлөөнөөс үүссэн байна.
Мал сүргийн тоо толгой гурав дахин нэмэгдэж, бэлчээрийн зохицуулалтгүй хэт ашиглалтыг бий болгон талхалж, байгалийн ургамалд нөхөн төлжих хугацаа, боломж олгохгүй байна. Мөн зарим ургамал устахад хүрсэн нь цөлжилтийг эрчимжүүлэхэд нөлөөлж байна.
Газар тариалан, уул уурхай, хөдөө, орон нутгийн зам, дэд бүтэц болон байгалийн баялгийн зүй бус ашиглалт зэрэг газрын доройтолд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Уул уурхай эрчимтэй хөгжиж, үүнтэй холбоотойгоор эвдэрсэн газрын тоо хэмжээ нэмэгдсэн.
Завхан аймгийн 24
сумын хөрсний доройтлыг үнэлж авч үзэхэд, эвдрэлийн ихэнх хувь нь мал аж ахуйн
салбараас болсон. Энэ нь малын бэлчээрийн даацын гол асуудал бөгөөд бэлчээрийн
талхагдлаас болж хөрс элэгдэл, эвдрэлд орох.
Хөрсний ус
чийгийн хангамж багасаж, үржил шим буурах, эрдэс тэжээлээр дутагдах. Ургамлын
бүрхэвч доройтох, мод сөөг багасаж хээржих, цөлжих зэрэг сөрөг үр дагаврын
угтвар нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарал
хандуулж, тодорхой шийдэлд хүрэх шаардлагатай гэж үзэж байна.
Завхан аймгийн нутаг дэвсгэр, ган цөлжилтөд нэрвэгдсэн бүс нутгийн байгаль орчны төлөв байдлыг дэмжих зорилгоор цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажлыг хийдэг.
Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх нь экосистемийн дасан зохицох сэргэх чадварыг дэмжиж байдаг эерэг талтай юм. Жил бүр ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг тодорхой төлөвлөгөөний дагуу хийж мод тарьж ургуулах ажлыг хийж байгаа нь сайшаалтай юм.
Завхан аймаг 2008 оноос эхлэн цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг хийж эхэлсэн. 2022 онд гэхэд 13 удаагийн үйл ажиллагаа явуулсан байна. 2023, 2024 онд 3-4 удаагийн цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг хийжээ. Бэлчээрийн болон таримал ургамлын гарцыг нэмэгдүүлэх. Мал аж ахуйн салбарт өвөлжилт, хаваржилт, бэлчээрийн даац багтаамжийг хүрэлцээтэй байлгах, таатай нөхцөлийг бүрдүүлэхэд тодорхой судалгаа мэдээллийг бэлтгэж бусад салбарынхантай хамтран ажиллаж байна. Цөлжилтийг сааруулахад малчдын дэмжлэг, хамтын оролцоо, хандлага ч чухал юм гэж Завхан аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.
Идэр суманд АДРА Монгол Олон улсын байгууллага бэлчээрийн цогц менежмент төслийг хэрэгжүүлж,
400 гаруй малчин гурав
дахь жилдээ бэлчээрийн ашиглалтаа төлөвлөж сурсан байна