УИХ дахь Монгол-Индонезийн парламентын бүлгийн дарга цахим уулзалт хийлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Индонезийн парламентын бүлгийн дарга Л.Соронзонболд, тус бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Түвшин нар өнөөдөр Бүгд Найрамдах Индонез Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхим дахь Индонез-Монголын парламентын бүлгийн дарга ноён М.Х.Муфиди тэргүүтэй гишүүдтэй цахим уулзалт хийлээ.
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Индонезийн парламентын бүлгийн дарга Л.Соронзонболд уулзалт ийнхүү цахимаар болж,
хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын цаашдын хамтын ажиллагааны талаар
санал солилцож байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр талын
хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд парламентын бүлэг хоорондын харилцаа
чухал ач холбогдолтойг
онцоллоо.
Талууд хоёр улсын
парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан сайн туршлага солилцохоор санал нэгдэв. Мөн цаашид хоёр
улсын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн тэлэх талаар санал солилцон,
парламентаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ цохон тэмдэглэв гэж
УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.