АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Гренландад очжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-03-29 12:01:01

ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 29 /BBC/. АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс Гренланд дахь Америкийн сансрын Питуффик баазад өчигдөр хүрэлцэн очжээ. Энэ үеэр тэрбээр АНУ-ын засаг захиргаа ойрын үед тус арал дээрх цэргийн оролцоогоо өргөжүүлэх эсвэл цэргийн хүч хэрэглэхээр төлөвлөөгүй байгаа гэдгийг мэдэгдсэн байна. 


Тэрбээр хэлэхдээ, АНУ нутгийн оршин суугчдийн өөртөө засах эрхийг хүндэтгэж байгаагийн зэрэгцээ Орос, Хятадын зүгээс учрах аюул заналыг сөрөн зогсохын тулд Хойд туйлд манлайлах зорилготой байна гэжээ. 


Ж.Д.Вэнс мөн арлын аюулгүй байдлыг хангаж чадаагүй хэмээн Гренландын эрх баригчдыг шүүмжилж, тусгаар тогтнолоо олж, АНУ-д тайван замаар нэгдэхийг санал болгосон байна.


Түүний айлчлал 2 цаг орчим үргэлжилсэн байна. Энэ хугацаанд тэрбээр Америкийн цэргийн алба хаагчидтай үдийн хоол идэж, дагалдан явсан сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ.


Ж.Д.Вэнс гэргий Уша, Д.Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолц, Эрчим хүчний сайд Крис Райт, Юта муж улсаас сонгогдсон сенатч Майк Ли, үндэсний аюулгүй байдлын дэд зөвлөх асан Жулиа Нешейват нарын хамт Гренландад хүрэлцэн ирсэн байна.


Арлыг эзэмшдэг Дани улсын болон Гренландын эрх баригчид Америкийн төлөөлөгчдийн айлчлалыг "өдөөн хатгасан, сүр хүчээ харуулах гэсэн үйлдэл" гэж дүгнэсэн байна. Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен мэдэгдэхдээ, тус аралд урилгагүйгээр айлчилсныг буруушаагаад "хүлээн зөвшөөрч боломгүй шахалт үзүүлж байна" гэжээ. 




Related news