Марафон гүйлтийн ААШТ-ээс Г.Хишигсайхан хүрэл медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Жайшинг хотод 42 км-ын марафон гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж, манай улсаас Г.Хишигсайхан хүрэл медаль хүртэв.
20 дахь удаагийн тэмцээнд 18 орны 54 марафонч оролцсон бөгөөд эмэгтэйчүүдийн ангилалд 20 тамирчин уралдахад олон улсын хэмжээний мастер Г.Хишигсайхан 2:28.56 цагийн амжилтаар хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Тэгвэл эрэгтэйчүүдээс гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:15:13 цагийн үзүүлэлтээр VI байр эзэлсэн байна.
Уг тэмцээнд манай улсаас шигшээ багийн дасгалжуулагч Б.Доржпалам, О.Оюунтуяа нарын удирдлагад дөрвөн тамирчин оролцсон юм. Г.Хишигсайхан марафон гүйлтийн ААШТ-ээс хоёр дахь медалиа хүртэж буй бөгөөд тэрбээр өнгөрсөн жил алтан медалиар энгэрээ мялааж байв.
Монголын тамирчид тус тэмцээнээс өмнө нь хоёр алт, нэг хүрэл медаль хүртсэн бөгөөд Б.Сэр-Од 2013 онд алт, 2008 онд мөнгөн медаль хүртсэн бол Ц.Бямбажав 2017 онд хүрэл, Г.Хишигсайхан 2024 онд алтан медаль хүртсэн юм.