ДОРНОД: “ДБЭХС” ТӨХК энэ өвөл зүүн гурван аймгаа эрчим хүчээр хангах туршилтыг амжилттай хийсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-03-31 12:15:26

Чойбалсан, 2025 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Монгол Улсын эрчим хүчний системийн хэмжээнд эмэгтэй ээлжийн инженер гарын таван хуруунд багтдаг. Тэдний нэг нь “ДБЭХС” ТӨХК-ийн ээлжийн инженер А.Энхзаяа. Түүний хувьд ээлжид үүрэг гүйцэтгэх хугацаандаа зүүн бүсийг эрчим хүчээр хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хяналт тавьдаг хариуцлагатай албыг 13 дахь жилдээ хашиж байна. Түүнийг ээлжтэй байх үеэр нь зорьж очиж ярилцлаа.


-“ДБЭХС” ТӨХК-ийн ээлжид шөнө хэчнээн хүн гарч байна вэ? Үйл ажиллагаа хэвийн, тайван уу?

-Яг одоо бол шинэ станц 22 МВт-ын эрчим хүч нийлүүлж байна. Нөгөө станц маань гол төлөв Дорнод аймгийн хэрэглэгчдээ цахилгаан эрчим хүчээр хангах ачааллыг авч байгаа гэж хэлж болно. Ер нь “ДБЭХС” ТӨХК одоогоор Дорнод, Сүхбаатар аймгийн 36 сум, төвийн хэрэглээ болон Тамсаг, Эмээлт, Төмөрт, Цайрт минераль гэсэн дөрвөн уурхайг цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Онцгой нөхцөлд Өндөрхааныг авдаг. Энэ жилийн хувьд бид шинэ станцаа хүлээж аваад үйл ажиллагаагаа зүгшрүүлж байгаа учраас шууд хэт ачаалал авах боломжгүй. Тиймээс Баруун-Уртын төвийн бүс рүү түр шилжүүлээд байгаа. Өнөө шөнө би 62 хүнийг удирдан ээлжид гарч байна.


-Дүн өвлийг бодвол ачаалал харьцангуй багасжээ дээ. Шинэ станц ашиглалтад орж, эрчим хүчний нийлүүлэлт нэмэгдээд ирэхээр та бүхний нуруу тэнийж байгаа байх?

-Мэдээж шинэ станц ашиглалтад орсноор цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл, түгээлт, боловсруулалт өсөж, ажилчдын цалин хөлс нэмэгдэхээс эхлээд олон давуу талтай. Одоо манай байгууллага 700 гаруй ажилтантай болоод байна. Нэг талдаа ачааллаа даахгүй, ямар нэг эрсдэл гарчих вий дээ гэх өмнө төрдөг байсан болгоомжлол багасаж байгаа ч нөгөө талдаа бүр өндөр хариуцлага ирж байна гэж ойлгож байгаа. Хуучин станцаа бид чинь гарын арван хуруу шигээ мэддэг болчихсон, түүн дээрээ ажиллаад сурчихсан. Харин 50 МВт-аа бүрэн ачааллуулаад ирмэгц эрсдэл гарвал яахав гэдэг айдас түгшүүр одоо ч цээжинд байна. Ёстой нөгөө эрэг шургаас эхлээд бүгдийг алган дээрээ тавьсан юм шиг мэдэрдэг болтол хугацаа орно, бид ч аажмаар ажлаа гартаа оруулж л байна. Одоо урин дулааны цаг ч ирлээ, ачаалал харьцангуй бага байна. Өвлийн оргил ачааллын үе буюу ид хүйтний 11, 12, 1-р сард эрчим хүчний хэрэглээний дийлэнх нь айл өрхүүдээс хамаардаг. 17.00- 19.00 цагийн хооронд ачаалал огцом орж ирнэ шүү дээ.


-Огцом ачааллын үед тухайн ээлжийг удирдаж байгаа инженер хэрхэн ажиллаж, удирдлагаар хангадаг талаар сонирхуулна уу?

-Хэрэглээгээ яаж зохицуулах, хязгаарлалт хийх шаардлага гарвал хэрхэх, тухайн үед гадна агаар төдий хэрийн байх болов уу гэдгийг урьдчилан тооцоолдог. Хэрэглээ огцом өссөн үед уул уурхайнуудтай шууд харьцаж, Тамсаг, Эмээлт дээр дизель генераторуудыг асаалгаж, хязгаарлалт хийгээд төвийн хэрэглээгээ авна л даа. Салхи ихтэй байх юм бол алсын шугамууд тасрах магадлал их. Тухайн үед хэрхэх вэ гэдгээ дотроо байнга тооцоолно. Ээлжийн хугацаанд эргэлт шалгалтуудыг тогтмол хийнэ, тоног төхөөрөмжид гэмтэл гарахаас өмнө амжиж арга хэмжээ авах ёстой учраас урьдчилан сэргийлж байнга үзэж харна гээд явсаар байтал өглөө болж дараагийн ээлжтэйгээ золгодог.



-Гадаах агаар, салхины хүчийг тооцоолж, энэ нүсэр тоног төхөөрөмжүүдийг ажиллуулдаг гэхээр санаанд багтамгүй ч юм шиг. Салхи шуурга, байгалийн аюулт үзэгдлийн үед бол ёстой цурам хийх эрхгүй бэлэн байдалд хонох нь ээ?

-Энэ орчин нөхцөл маань өөрөө налайгаад сууж байдаг эсвэл ээлжийн хугацаанд дуг хийчихэж болдог газар биш шүү. Удирдах шийд манас хийгээд ачаалал огцом хэлбэлзээд ирэнгүүт пал хийгээд л зүрх савлаад явчих жишээтэй. Манайх чинь алсын шугам олонтой. Тамсаг, Эмээлт зэрэг уул уурхай, Баруун-Урт, цаашлаад Өндөрхаан гэхчлэн алсын шугамуудтай. Тухайлбал, хэвийн тайван байдалтай Баруун-Уртын хэрэглээг авч байтал алсын шугам гэнэт тасрах үе гарна. Энэ үед зуухан машинаа авч үлдэхийн тулд бүх арга хэмжээг авна даа. Зуух машинууд 40 МВт-аар цахилгаанаа үйлдвэрлэж байтал яг тэр параметрээрээ ачаалал нь огцом тасалдангуут хэт даралтад ордог. Тэр бүрд маш шуурхай арга хэмжээ авах шаардлагатай. Ер нь хэвийн үйл ажиллагаанаас илүү аваар саатлыг хэрхэн шуурхай удирдаж, эрсдэл багатай даван туулсныг манай салбарт чухалчилж үздэг.


-2025 он гэхэд зүүн бүсийн эрчим хүчний хэрэглээ 95 МВт-д хүрнэ гэж уншиж байсан санагдана. Ер нь “ДБЭХС” ТӨХК зүүн бүсийн гурван аймгаа бүрэн хангана гэвэл хэдий хэрийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх вэ?

-Энэ өвөл нэгдүгээр сарын 29-нд яг манай ээлжин дээр зүүн гурван аймгаа эрчим хүчээр хангах туршилтыг хийж үзсэн шүү дээ. 36 МВт дээрээ 32.1 МВт-ыг, 50 МВт дээрээ 52.8 МВт-ыг аваад системийн нийлбэр ачаалал 84.9 МВт-тай явсан. Шаардлагатай үед бол манай хуучин станц 36 МВт-аа бүрэн авах, 50 МВт маань 60 МВт хүртэлх ачаалал даах нөөц боломжтой. Тэгэхээр онцгой тохиолдолд л бид тэр тулсан ачааллыг авна даа.


-Эмч хүн ээлжээс буусан хойноо ч өвчтөндөө сэтгэл зовниж байдаг гэдэг. Үүнтэй адил гэртээ харьсан хойноо арагш санаа зовох үе гарна биз?

-Гаралгүй яахав. Бид чинь хагас цэрэгжилттэй ажилладаг хүмүүс. Гэртээ хариад утсаа унтрааж болохгүй, дуудахад бэлэн байх ёстой. Би өнөө орой гарна даа, ачааллыг хэрхэн давахав, надад ямар нөөц боломж байгаа билээ, хаана хязгаарлаж болохов гээд бүгдийг л бодож явдаг. Багш нар маань ч бидэнд “Чи станц руугаа ирэхдээ л бүх зүйлд бэлэн, эрсдэлийг тооцоолж бай” гэж захидаг байсан. Өнөө оройн 20.00 цагаас маргааш өглөөний 08.00 цаг хүртэл ээлжид гарсан л бол ар гэрт юу ч болж байсан гараад гүйх боломжгүй. Харин ээлжээс буугаад гэртээ орохдоо аль болох ажлын ачааллаа гөвж үлдээхийг хичээдэг.


-Дуу чимээнээс эхлээд нүсэр том машин, тоног төхөөрөмжүүд гээд харваас бүсгүй хүнд ахдам орчин нөхцөл юм аа. Өөрийг тань Монгол Улсын эрчим хүчний системийн хэмжээн дэх цөөн хэдэн эмэгтэй ээлжийн инженерүүдийн нэг гэж дуулсан. Чухам юунд нь татагдаж энэ салбар, мэргэжлийг сонгов? Диспетчер инженер гэхээр бусад инженерээсээ юугаараа ялгаатай вэ?

-Тийм ээ, манайд л гэхэд өмнө нь хоёр эмэгтэй диспетчер инженер ажиллаж байсан. Миний хувьд ээлжийн инженерээр ажиллаад 13 дахь жил рүүгээ орж байна. Яг энэ ажлыг удаан хугацаанд хийх бас хэцүү. Ачаалал, аваар осол, байгалийн гамшиг, гэнэтийн үзэгдэл гээд тэр бүрд зүрх түгшинэ. Шуурхай ажиллагаа учраас стресс өндөртэй ийм ажлыг чамлахааргүй хугацаанд хийж яваагаараа сүүлийн үед жаахан бахархах сэтгэл төрөөд байгаа шүү дээ.

Саяхан би эмэгтэй шавьтай болсон. Шавь Э.Энхмаа маань 36 МВт-ын дөрөвдүгээр ээлжид гарч байгаа. Манай станц дээр бол диспетчер инженерийн хувьд эмэгтэй гэвэл бид хоёр л байна даа. Би анх Зуухан цехэд машинистаар ажлын гараагаа эхэлж, ахлах машинист, ээлжийн мастер гэхчлэн ээлжийн инеженер болтлоо анхан шатнаас нь эхлээд л өгссөн. Одоо 19 дэх жилдээ эрчим хүчний салбарт ажиллаж байна.


Диспечтер инженер гэдэг бол тухайн ээлжийн 12 цагийн хугацаанд анхан шатны бүх мэдээллийг авч шийдвэрлэж ажилладгаараа онцлог.


Ямар нэг юм болоход надаар бүх зүйл дамжиж байж арга хэмжээ авагдана аа л гэсэн үг. Манай станц цахилгаан, дулааныг хоёуланг нь хослон үйлдвэрлэдгээрээ бусдаас онцлог. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл, түгээлт, дамжуулалтаа бүгдийг нь хариуцдаг гэсэн үг. Тиймээс ээлжийн инженер цахилгаан, дулаан бүх зүйлээ хариуцаж ажилладаг. Би 2001 онд Налайх дүүрэгт арван жилээ төгссөн. Элсэлтийн шалгалтын хуваариуд дундаас Дулааны инженерийн анги л арай ойр санагдаад ШУТИС-ийн Аж үйлдвэрийн дулаан хангамжийн ангид элсэн орж суралцаж байлаа. Үйлдвэрийн дадлагаа Дорнодын станцад ирж хийснээс хойш энд л ажилламаар санагдаад байсан юм. Барилга байшин, төв замаа дагасан модод, Хэрлэн голын хөвөөгөөр салхилж яваа хүмүүс гээд бүх л зүйл нь надад гүн сэтгэгдэл төрүүлсэн учраас сургуулиа төгсөөд ганцаараа нааш хүрээд ирсэн шүү дээ. Эндээ амьдрал зохиож, хань ижил, үр хүүхдүүдтэй болж, одоо ч төрсөн нутаг шигээ ээнэгшин дасаж дээ. Ээлтэй сайхан нутаг шүү, манай Дорнод.



-Эмэгтэй хүн эрчүүдтэй эн тэнцүү гэдгээ харуулахын тулд хоёр дахин илүү зүтгэдэг гэж үг бий. Сонирхож асуухад, энэ амаргүй салбарт хориод жил эрчүүдтэй мөр зэрэгцэж ажиллахад эмэгтэй хүн гэдгээрээ харьцуулах мэдрэмж төрж байв уу?

-Би хамгийн анхан шатнаас нь эхэлж ажилласаар ээлжийн инженер болсон. Яг энэ энэ ажилд томилогдож байсан тухайн үед эмэгтэй ээлжийн инженер ховор ч байлаа. Анх бол үл хүндэтгэхээс эхлээд янз бүрийн харилцаа хандлага гарна аа гарна. Одоо олон жил энэ ажлаа хийгээд дадлага туршлага суугаад хүлээн зөвшөөрөгдөөд ирэхээр зүгээр дээ.


-Энгийн ажил мэргэжилтэй бүсгүйчүүд шиг өсгийт жийж, ганган хувцасламаар санагддаг л биз дээ?

-Бидэнд юбка өмсүүлж болдоггүй юм байх даа гэж хааяа бид хөхрөлддөг.


-Ингэхэд энэ том байгууламж, нүсэр тоноглолуудаар цахилгаан дулаан, эрчим хүчийг хэрхэн үйлдвэрлэдэг процессыг энгийнээр тайлбарлана уу?

-Юун түрүүнд талбай дээрээ нүүрсээ нөөцөлнө. Нүүрсний гурван сарын нөөц зайлшгүй байх ёстой. За ингээд Адуунчулууны уурхайгаас ирсэн нүүрсийг тээрэмдэж тоос болгоод зуухны галын хотол руу үлээлгэж шатаана. Шаталтаас үүссэн дулааныг ашиглаж, зууханд тэжээлийн усыг хурц уур болгон хувиргадаг. Энэхүү үүссэн дунд даралтын станцад 440С температуртай,39 ата даралттай, өндөр даралтын зууханд 540С температуртай, 98 ата даралттай хурц уурыг турбогенераторт өгдөг. Турбогенератор нь дулааны энергийг механик энерги болгон хувиргаж, улмаар механик энергийг цахилгаан энерги болгон хувиргадаг. Үүссэн цахилгаан энергийг трансформатороор дамжуулж хүчдэлээ нэмэгдүүлэн цахилгаан сүлжээнд нийлүүлнэ. Цахилгаан эрчим хүчний алдагдлыг багасгахын тулд трансформатор ашиглан 110 кВ, 220 кВ, 500 кВ зэрэг өндөр хүчдэлд хувиргана. Манай станцын хувьд 110 кВ хүртэл өсгөж Сүхбаатар, Хэнтий аймаг болон уул уурхайн хэрэглэгчдийг цахилгаан дамжуулах агаарын шугамаар цахилгаан эрчим хүчээр хангаж байна. 110 кВын агаарын шугам ил болон далд хувиарлах байгууламжид ирж түгээх дэд станцуудад хуваарилагдаж, бууруулах трансформатороор 35, 15, 10, 6 кВ болгон дэд станцуудаар дамжин цааш бууруулан 380В, 220В болгон хот суурин газрын ахуйн хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчийг түгээдэг.



-Нүүрсний нөөц гэснээс хоногт хэчнээн тонн нүүрс хэрэглэдэг вэ?

-Одоогоор манай хоногийн нүүрсний зарцуулалт 2200 тонн байна. Ид хүйтний үед бол 2800 тн-ыг хэрэглэдэг. Энэ сард манайх 1.4 сая КВт эрчим хүч үйлдвэрлэхээс 1.091.000-ыг үйлдвэрлээд байна.


-Та энэ салбар мэргэжлийн хүний хувьд цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг нэмэх тал дээр ямар бодолтой байдаг вэ? Хэрэглэгчдэд зарим талаар маш их дарамт үүсгэж байна гэх шүүмжлэл нийгэмд ид өрнөж байна л даа.

-Эрчим хүчний салбар манай улс орны хөгжлийн гол хүчин зүйл. Сүүлийн хэчнээн жил энэ салбарын хэвийн үйл ажиллагааг мартаж орхисон гэвэл дэгс болохгүй байх. Нийслэлд эрчим хүчний хязгаарлалт хийж байна гэдэг чинь манай салбар хэт хүнд байдалд удаан явсаар уналтад орсны нэг илрэл. Тэгэхээр яалт ч үгүй энэ салбартаа хөрөнгө оруулалт хийж, шинэ станцуулыг нэмж барих шаардлагатай болсон. Манайх гэхэд шинэ станц ашиглалтад орохоос өмнө 36 МВт маань хэт ачааллын горимд ажиллаж байлаа. Ямар нэг саатал гарч тоноглол зогсоход л дагаад зүүн бүс “таг харанхуй” болоход ойрхон байсан. Ер нь энэ салбар сэхээний байдалтай удаан явна гэдэг чинь өөрөө том эрсдэл. Тиймээс үнэ тариф нэмэхийг буруу зүйл гэж боддоггүй.


-Хариуцлага өндөртэй ээлжийн ажлынхаа үеэр цаг зав гарган ярилцсанд баярлалаа. 

Related news