Дөрвөн аймагт 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГАзийн Хөгжлийн Банк, Засгийн газартай хамтран Дорнод, Говь-Алтай, Хөвсгөл, Сүхбаатар аймгуудын малчдад зуд, ой хээрийн түймэр болон байгалийн бусад гамшгийг даван туулах чадавхийг суулгахад хамтран ажиллахаар боллоо.
Тодруулбал иргэдэд түшиглэсэн гамшгийн эрсдлийн удирдлагыг шинээр нэвтрүүлэн, турших 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн төслийг хэрэгжүүлэх юм. Төслийн баримт бичигт Засгийн газрыг төлөөлж Сангийн дэд сайд Х. Булгантуяа, АХБ-ны Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар гарын үсэг зурлаа.
Уг төслийг өнгөрсөн 16 жилийн хугацаанд Монголын ядуурлыг бууруулах, олон нийтийн үйл ажиллагааг, иргэдийн амьжиргааг сайжруулах болон байгаль орчны чиглэлээр тусламж үзүүлж ирсэн Ядуурлыг бууруулах Японы сангаас санхүүжүүлэх юм байна.
Ёланда Фернандез Ломмэн хэлэхдээ, “Энэхүү төсөл нь Монгол улсад гамшгийн эрсдлийн удирдлагад иргэдийн оролцоотой дороос дээш чиглэсэн тогтолцоог анхлан туршиж, нэвтрүүлэх зорилготой. Ингэснээр Монгол орны хамгийн эмзэг газар нутаг, малчдын болон орон нутгийн гамшигтай тэмцэх байгууллагуудын зуд, ой хээрийн түймрээс үүдэх эрсдлийг удирдах чадавхийг дээшлүүлэх юм” гэлээ.
Байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамж сүүлийн 10 жилд нэмэгдэж, хөдөөгийн хүн амд сөргөөр нөлөөлж, хохирол учруулсаар байна. Тухайлбал, 2009-2010 онд тохиолдсон зудын үед Монгол Улсын нийт малын тоо толгойн 25 хувь хорогдсоны уршгаар 97 мянган малчин өрхийн амьжиргаа хүндэрсэн байдаг. НҮБ-ын тооцоолсноор, Монгол Улсын малчдын 41 гаруй хувь 2015-2016 оны зудын нөлөөлөлд өртөж, 1.1 сая тоо толгой мал хорогджээ. Түүнчлэн ой хээрийн түймэр нь хүн, малыг эрсдэлд хүргэж, эко системд аюул занал учруулдаг. Ойн түймрийн улмаас жил бүр ойролцоогоор 60 мянган гектар (га) талбайн ой мод устаж байна гэсэн тооцоо бий.
Б.Заяа