ТӨВ: Төрийн үйлчилгээг цахимжуулахад онцгойлон анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-04-09 13:56:05

Зуунмод, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Сумдын Засаг даргын тамгын газрын дарга, хууль эрх зүйн мэргэжилтэн, хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, нийгмийн бодлогын мэргэжилтэн, цахим үйлчилгээний мэргэжилтэн нарыг чадавхжуулах сургалтыг энэ сарын 8-нд зохион байгууллаа.


Тус үйл ажиллагаа нь Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн 2025 оны Хөгжлийн жилийн төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилт, бусад хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг суманд зохион байгуулахад мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Өнөөдрийн сургалтыг нэгдсэн болон салбар хэсэгтэйгээр зохион байгуулж байна.


Сургалтын үйл ажиллагааг нээж аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр үг хэлэхдээ, "Төрийн үйлчилгээг анхан шатанд үзүүлж байгаа албан хаагчид та бүхэн ажилдаа сэтгэлээсээ хандаж, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үйлчлэх ёстой. Албан хаагч бүхэн хоорондын уялдаа холбоогоо нягт байлгаж, ажлынхаа бүтээмжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллах нь чухал. Та бүхний ажлын үзүүлэлт, бүтээмжээс сум, орон нутгийн ажлын үр дүн шууд харагддаг учраас дор бүрнээ ажилдаа хариуцлагатай хандах хэрэгтэй.

Аймгаас төрийн үйлчилгээг цахимжуулахад онцгойлон анхаарч байгаа. Бид "Цахим Төв аймаг" хөтөлбөрийн хүрээнд саяхан бүх суманд төрийн үйлчилгээг хялбаршуулж, цахим хэлбэрт шилжүүлсэн киоск машиныг хүлээлгэн өгсөн. Энэ бүхний үр дүнд сум, орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх хэрэгтэй" гэв.

 

Төв аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Г.Мөнхгэрэл, "Нийт 31 сэдвийн хүрээнд нэгдсэн болон салбар сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө. Сургалтаар олж авсан мэдлэг, чадвараа ажил дээрээ хэрэгжүүлэх, ажлын бүтээмжээ сайжруулахад анхаарах хэрэгтэй. Мөн ажлын байранд бэрхшээл тулгарсан бол түүнийг даван туулах арга зүйгээр хангалаа".


Нэгдсэн сургалтын хүрээнд төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилт, анхаарах асуудал, төрийн албан хаагчийн ёс зүй, хууль зүйн бодлогын чиглэл, хяналт шинжилгээ, үнэлгээний арга зүйн тухай ойлголт, нийгмийн салбарт 2025 онд анхаарах асуудал, “E-Mongolia ашиглалт, хэрэглээ” зэрэг сэдвээр мэдээлэл хийсэн юм.  

 

Related news