УВС: Маршал Ю.Цэдэнбалын цээж баримал хөшөөг түүний 60 насны ойгоор босгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Аймгийн 100 жилийн ойн хүрээнд Музейн хамт олон сан хөмрөгтөө хадгалагдаж
байгаа түүхэн гэрэл зургуудаа тайлбартай нь хамт цахим хаягаараа дамжуулан олон
нийтэд сурталчилсаар байна.
Энэ удаад Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Улсын баатар, хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын цээж баримал хөшөөг түүний 60 насны ойд зориулж Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын урд талд байрлуулж буй үйл явдлын зургийг онцолж байна.
Тус хөшөөг урлагийн гавъяат зүтгэлтэн, уран барималч Х.Доржпалам бүтээжээ. Энэхүү хөшөөг 2010 онд Маршал Юмжаагийн Цэдэнбалын төрсөн нутаг Давст сумын төвд шилжүүлэн байршуулсан юм. Учир нь түүний мэндэлсний 100 жилийн ойгоор бүтэн биений хөшөөг суурин дээр нь босгосон тул уг хөшөөг төрсөн нутагт нь хүргүүлсэн юм.
“Хуучны гэрэл зургууд эргэж үзэхэд сайхан ч хамгийн гол
нь түүхийн нэгэн судлагдахуун, үнэт бүтээл болон үлддэг. Тухайн үед амьдарч
байсан хүмүүсийн аж амьдрал, хувцаслалт, эгэл амьдралыг гэрэл зураг мөнхлөн
үлдээдэг. Түүхэн үйл явдал хийгээд хүмүүсийн хосгүй нэгэн агшныг гэрэл зурагт
мөнхөлж чадсан бол түүхийн үнэт өв болон хадгалагдаж, үеэс үед үнэ цэн нь
өсдөг” хэмээн аймгийн Музейн дарга Ш.Цэдэнбал ярилаа.
1976 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр буюу маршал Юмжаагийн Цэдэнбалын цээж баримал хүрэл хөшөөний нээлтийн үйл явдлыг энэ зурагт буулгажээ.