ДУНДГОВЬ: Төслийн хүрээнд 55 иргэнийг тогтвортой ажлын байранд зуучилна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. ЖАЙКА олон улсын байгууллага, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн
хамгааллын яамтай хамтран "Монгол Улсын зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх тогтолцоог
бэхжүүлэх төсөл"-ийг Дундговь аймагт хэрэгжүүлж эхэллээ.
Тус төсөл хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэнийг хөдөлмөрт
бэлтгэн, ажиллах хүчний хомсдолтой аж ахуйн нэгж байгууллагуудад зуучлан холбож,
тогтвортой ажиллахыг дэмжих зорилготой юм.
Төслийн хүрээнд сүүлийн 2-3 жилийн хугацаанд ажил
идэвхтэй хайж байгаа 300 гаруй иргэнээс энэ жил 55 хүнийг сонгон, Сайнцагаан,
Говь-Угтаал, Эрдэнэдалай суманд гурван үе шаттайгаар үйл ажиллагаа явуулж, тогтвортой
ажлын байранд зуучлах юм.
Төслийн нээлтийн үйл ажиллагаанд төслийн ахлах зөвлөх Чиба Хисао, төслийн мэргэжилтэн, зөвлөхүүд, хөдөлмөрт бэлтгэх ахлах зөвлөх М.Санжаасүрэн болон Дундговь аймгийн удирдлагууд, төсөл хэрэгжих 3 сумын Засаг дарга, ажил идэвхтэй хайгч иргэд, ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцжээ.