УВС: Нуурт цөмөрсөн машиныг татаж гаргахаар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-04-10 14:29:02

Улаангом, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Увс нууран дээгүүр тээвэрлэлт хийж явсан хүнд даацын авто машин энэ сарын 8-нд мөсөнд цөмөрсөн байна.


Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагчид дуудлагаар очиж, хоёр дахь өдрөө ажиллаж байна. Тэд нуурт цөмөрсөн Hino загварын хоёр гэр ачсан машиныг гаргахын тулд 11 метрийн гүнд шумбалт хийж, цооног гарган мөсөн доогуур татах ажлыг хийж байгаа аж.


Цаг агаар дулаарч нуур, гол мөрний мөсний зузаан нимгэрч байгаа тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явганаар болон авто машинтай зорчих, мөн мал туух, авто тээвэр хийх зэргээр өөрсдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөө эрсдэлд оруулахгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.





Related news